Ардчиллын алтан хараацайнууд одоо хамгийн аюултай хүмүүс болсон
Ээлжит сонгууль дөхсөн эл өдрүүдэд АН-тай холбоотой олон асуудал өндрөө авч, хурцадсаар байна. Жишээ нь, АН УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй горилогчдоосоо 100 сая ба түүнээс дээш хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буй асуудалд хуулийн байгууллага анхаарлаа хандуулж эхэлсэн. Тодруулбал, нэр дэвших хүсэлтэй хүн бүрээс 100 сая төгрөг хурааж байгаа нь ямар үндэслэлтэй болох, уг мөнгөний эх үүсвэр зэргийг тодруулах ажиллагаа АТГ-аас явуулж байгаа юм байна. Шалгалтын хүрээнд АН-ын ҮБХ-ны гишүүдээс гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ. Гол нь квот хүсэгчид дэнчингийн мөнгөө ямар эх үүсвэрээс бий болгосон бэ гэдэгт учир бий. Тэдний нэг АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай найзуудтайгаа хоол идэх зууртаа 100 сая төгрөгөө босгосон гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр “20-30 найзтайгаа уулзахад л цуглах мөнгө” гэж аархсан бол Барилга хот байгуулалтын яамны төрийн бичгийн дарга асан, АН-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн нэр дэвших тойрог болох Дундговь аймгийн Гурвансайхан сумын мянгат малчдаас хандив авсан гэдгээ зарласан.
Хандив цуглуулах хуулийн хугацаа болоогүй байхад тогтоосон дээд хязгаарыг хэд дахин хэтрүүлж, хууль бусаар их хэмжээний хөрөнгө мөнгө босгосон тухайгаа тэд өөрсдөө баталсан. Ингэж горилогчид амныхаа зоргоор инээдтэй, үнэнд үл нийцэх тайлбарыг хэлж байгаад учир бий.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэл дөрөвдүгээр сарын 29-нөөс, нэр дэвшигч тавдугаар сарын 26-наас хойш хандив авах эрх нь нээгддэг. Тэгэхдээ иргэнээс тав, хуулийн этгээдээс 20 хүртэлх сая төгрөгийн мөнгөн хандив нэг удаа авч болно. Гэтэл АН-ын удирдлагууд нэр дэвших хүсэлтэй квот горилогчдоосоо дэнчин гэх нэрийдлээр хэдэн зуун саяар нь мөнгө татсан бол тойрог хүсэгчид нь хандив нэрийдлээр сонгогчдоосоо мөнгө цуглуулсан болж таараад байна.
Улс төрийн намын тухай хуульд мөнгөн хандивын хэмжээг хуулийн этгээдээс арав, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар зааж, жилд хоёроос дээш удаа өгөхийг, мөн намд хандив өгснийхөө төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглосон байдаг. Гэтэл 181 хүн хандив, дэнчин, хураамж гэгчлэн аль нэг нэршлээр нь намдаа 100 сая ба түүнээс дээш хэмжээний мөнгө тушаачихаад байгаа. Эдгээр хүнд тойрог ногдоогүй, сонгогдож чадаагүй тохиолдолд улс төрийн дэмжлэг үзүүлэхээ намынх нь дарга өөрийн биеэр мэдэгдэж, гал дээр тос нэмсэн.
Дэлхийн томоохон улс орнуудын улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхийн тулд их хэмжээний хандив, мөнгө цуглуулах хэрээр нөлөөнд автдаг тул дэнчин тавихаас татгалзаж, хуулиар хориглож эхэлсэн. Харин улс төрийн тавцанд гарч ирээд 30 жилийн нүүрийг үзэж буй АН дэлхийн жишгийн эсрэг “нүүж” явсаар энэ удаагийн сонгуулийн өмнө асуудлыг хурцатгаж, нэр дэвшигчдийг нь бүртгэхгүй байх, багаараа татан буугдах болзол хангаад байна.
Таны хувьд 100 сая төгрөг хэр их мөнгө вэ. Энэ мөнгөөр юу хийж болох вэ. Тав тухтай амьдрах хоёр өрөө байр хоёрыг, хөл дүүжлэх автомашин аравыг авч болно. Мөн арван оюутны дөрвөн жилийн сургалтын төлбөр, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гарааны мөнгө. Энэ мэтээр энгийн иргэдийн амьдралаа дээшлүүлж, сайжруулах, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, бизнесээ эхлүүлэх хэмжээний мөнгөнд эрх мэдэл, их хулгайд шунаж буй АН-ынхан ханахгүй, хоёр дахь шатны дэнчин болох 300-400 саяыг тушаахыг шаардсан гэдэг. Гэхдээ эл мөнгө эрх мэдэл буюу УИХ-ын гишүүний суудлын төлөө АН-ын квот горилогчдод их мөнгө биш бололтой. Учир нь, тэд өдөр, шөнөгүй ажиллаж, хөлсөө дуслуулан байж хөдөлмөрлөж олсон орлогоосоо бус хууль бусаар, хөнгөн аргаар бий болгосон хөрөнгөөсөө өчүүхнийг нь өгч байгаа учраас тэр биз. АН холбогдох хуулиудыг зөрчиж, их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж, төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдахыг зэхэж буй энэхүү үйлдэлд иргэд ямар бодолтой байгаа талаар тэдний сэтгэгдлийг сонслоо.
100 САЯ ТӨГРӨГ ТУШААЖ, НЭР ДЭВШИЖ БАЙГАА ХҮН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЖ ЧАДАХГҮЙ
С.Дөлгөөннуур: -АН-д 100 сая болон түүнээс дээш хэмжээний мөнгө төгрөг төлөөд нэр дэвшсэн хүн бол сонгогдохгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болж чадахгүй. Яагаад гэвэл, ихээхэн хэмжээний мөнгө төлж байж нэр дэвшиж байгааг нь олон нийт бүгд мэдэж байгаа учраас тэднийг сонгохгүй.
Ард иргэдээсээ илүү баян чинээлэг амьдарч байгаа болохоороо сонгуульд нэр дэвшихийн тулд 100 сая төгрөг гаргаад өгчихөж байгаа юм. Гэтэл ийм хэмжээний мөнгийг жирийн иргэн бид Монголд арав, хорин жил цаг наргүй хөдөлмөрлөөд ч хурааж чадахгүй. Төрийн албан хаагчдын хувьд ч мөн адил.
Бид арван сая төгрөгийн цалингийн зээлээ хэдэн жил төлдөг билээ дээ. Үндсэн зээл нь багасангуут үлдэгдэл дээр нь нэмээд дахиад л зээл авчихдаг. Иргэд зээлээс зээлийн хооронд өдөр хоногийг өнгөрүүлж байхад намууд сонгуульд өрсөлдөхийн тулд дэнчин гэж хэдэн зуун саяар нь татан төвлөрүүлж буй нь шударга бус санагдаж байгаа. Мэдлэг, чадвартай, сэтгэл зүрхтэй залуус нь хөрөнгө мөнгөгүйгээсээ болоод тойргийн гадна үлдэж буй явдал юм. Одоо АН-ын жишээнээс мөнгөтэй хүнд л УИХ-д нэр дэвших эрх олгож байна. Ингэж болохгүй. Төрийг удирдан залах хүмүүс аль нэгэн салбарын төлөлөөгч биш ялангуяа бизнес эрхлэдэг хүн байх ёсгүй. Харин зөвхөн ард түмний л төлөөлөл байх ёстой.
МӨНГӨТЭЙ НЭГ НЬ 100 САЯ ТӨГРӨГ ӨГНӨ Л БИЗ. ГОЛ НЬ СОНГОХ ЭРХ НЬ БИДЭНД БАЙГАА
Ц.Наранбат: -АН-ын дэнчингийн 100 сая төгрөгийн асуудал сүүлдээ 400 сая хүрээд байх шиг байсан. Мөнгөтэй нь өгнө л биз. Тэр нэг их хамаагүй. Хэнд ч сонгогдох эрх бий. Хамгийн гол нь сонгох эрх нь бидэнд байгаа шүү дээ. АН-ын дэнчингийн асуудлаас гадна нэр бүхий хүмүүс нь намаасаа бус бие дааж нэр дэвшихээр болсон нь олон хүний анхаарлыг татаж байгаа. Миний бодлоор дэнчингийн мөнгө тушааж чадахгүй болохоороо гарч байгаа юм биш. Аль ч нам байсан хамаагүй гишүүд нь өөрсдөө санхүүгийн эрх чөлөөтэй болчихсон учраас дотроосоо хагарч, бие дааж байгаа гэж үздэг. Хэрэв санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй бол намаасаа гарч чадахгүй шүү дээ.Тэгэхээр АН-ын гишүүн хэрнээ бие дааж нэр дэвшихээр болсон хүмүүст 400 сая төгрөг юу ч биш гэсэн үг. Нөгөө талаараа АН-тай холбоотой мөнгөний асуудал дээд цэгтээ хүрсэн тул өөр боломж эрэлхийлж, ийм сонголт хийж байгаа болов уу. Өөрөөр хэлбэл, бие дааж нэр дэвшвэл гарчих болов уу гэж горьдож байгаа хэрэг л дээ. Гэхдээ сонгогчид нэг үеэ бодвол зөв, бурууг ялгаж салгадаг болсон.
100 САЯ ТӨГРӨГӨӨ ЯМАР НЭГЭН АРГААР ЭРГҮҮЛЖ АВАХ НЬ ТОДОРХОЙ
Э.Марал: -АН нэр дэвших хүсэлтэй хүмүүсээсээ мөнгө авч байгааг бүгд мэдэж байгаа. Би үүнийг буруу л гэж боддог. Мэдээж намдаа 100 сая төгрөг төлөөд УИХ-ын гишүүн болсон тохиолдол тэр мөнгөө ямар нэгэн аргаар эргүүлэн олж авах нь ойлгомжтой. Зарим хүн тэр хүмүүсийн төлсөн мөнгийг нам нь сонгуулийнхаа сурталчилгаанд л ашиглана гэж ярьж байгааг сонссон. Гэхдээ 100 сая төгрөгөө тушаасан гэгдэж буй 181 хүнээр тооцвол энэ бол маш их хэмжээний мөнгө. Үүнийг зөвхөн эерэг сурталчилгаанд ашиглана гэдэгт итгэхгүй байгаа.
НАМУУД НЭГ ГАРААНААС ХӨДӨЛЖ, ШУДАРГААР ӨРСӨЛДӨХ ЁСТОЙ
Б.Долгор: -Хамгийн гол нь намууд, бие даагчид шударгаар өрсөлдөх хэрэгтэй. Мөн нэг гараанаас хөдлөх хэрэгтэй. Гэтэл АН сонгуулийг мөнгөөр шийдэх гэж байна. Энэ тухайгаа ч өөрсдөө аль эрт зарласан. Намынх нь дарга С.Эрдэнэ өөрөө хэлж байгаа харагдсан. Нэр дэвшигчид дэнчин гэж мөнгө төлөх ёстой. Төлж чадахгүй бол сонгуульд нэр дэвших боломжгүй гэж. Зурагтаар мэдээ харж байхад ямартай ч 181 хүн дэнчин гээчийг нь төлсөн юм шиг байна билээ. Тэгэхээр нэлээд их хэмжээний мөнгө АН-д төвлөрсөн гэсэн үг. Тэр мөнгийг юунд хэрхэн яаж зарцуулах нь тодорхой бус. Бодвол сонгуулийнхаа суртапчилгаанд зарцуулж таарах байх. Сонгуулийн хандив цуглуулах, мөн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад АН-ынхан их хэмжээний мөнгө бий болгосон нь шударга бус. Бусад намд нэг ижил гараанаас хөдлөх боломж олгохгүй байна. Сонгуулийг хэр их хэмжээний мөнгөөр шийднэ. Тэр хэрээр авлига хээл хахуулийн эрсдэлд ордог талаар хуульчид ярьж байсан. Энэ бол үнэн. Хэрэв, АН-д 100, 200 сая төгрөг тушаасан хэн нэгэн УИХ-ын гишүүн болвол тэр мөнгөө эргүүлж авахыг л бдох болов уу. Тиймээс иргэн хүнийхээ хувьд дэнчин тавьж, өрсөлдөхийг эсэргүүцэж байгаа. Харин үүний оронд С.Эрдэнэ нэр дэвших хүмүүстээ мэдлэг, боловсролын шаардлага тавьсан бол сонгогдох боломж нь илүү байх байсан.
ИХ ХЭМЖЭЭНИИ МӨНГӨӨР СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ БУЙН ЭЦЭСТ АРД ТҮМЭН Л ХОХИРНО
Г.Ганхуяг: -УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээсээ С.Эрдэнэ 100 сая төгрөг авч байгаа гэсэн. Энэ бол маш буруу. Залуу хойч үедээ ч буруу үлгэр дууриал үзүүлж байна. Тэд сонгуулийг уралдаан болгох гээд байна шүү дээ. Мөнгөний уралдаан. Уг нь сонгууль ард түмний гарт байх ёстой. Гэтэл мөнгөний сонгууль болгож, мөнгөөр бүхнийг шийддэг жишиг бий болгох гэж буйг Таван сургууль, цэцэрлэг барьчих их сонгуульд оролцох нь эцэс сүүлдээ ихээхэн хор уршиг дагуулна. Эцэст нь ард түмэн л хохирно. Би өөрөө АН-ын гишүүн. Ардчилсан холбоонд 1989 онд элсч байлаа. Тухайн үед хамгийн муу муухай зүйл хийсэн олон хүний нэг бол П.Очирбат. Тэр Ю.Цэдэнбал даргын бүх зүйлийг хурааж авсан. Ингэж ардчиллыг харгис эхлүүлсэн. Тэр үед ардчиллын алтан хараацайнууд гэгдэж байсан хүмүүс өнөөдөр Монголын хамгийн аюултай хүмүүс болсон.
Монголд хайртай, монгол хүнийг ажил орлоготой байлгаж чадах хүн л төрд гарах хэрэгтэй. Миний бодлоор У.Хүрэлсүхийн хийж байгаа зүйл бол зөв. Нэлээд ажил хийчихлээ. Шударга бустай хатуу тэмцлээ.
ЗАРИМ НЬ ХООЛ ИДЭХДЭЭ 100 САЯ ТӨГРӨГ БОСГОЖ БАЙХАД БИД 100 МЯНГАН ТӨГРӨГ Ч ЦААШ НЬ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Б.Бямбаа: -Миний хувьд 100 сая бол амьдралдаа харж байгаап төсөөлөө ч үгүй их мөнгө. Гэтэл АН-аас сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй зарим хүн найзуудтайгаа хоол идэж суухдаа л босгочихсон гэж байсан. О.Магнай зурагтын нэг нэвтрүүлгээр ингэж ярьж байсан шүү. Үнэн худлыг нь мэдэхгүй юм. Хэрэв энэ үнэн бол иргэдийн амьдрал асар их зөрүүтэй байгааг харуулж байгаа. Зарим нь хоол идэх зууртаа 100 сая төгрөг босгож байхад зарим нь цалин тэтгэврээсээ 100 мянган төгрөг ч хуримтлуулж чадахгүй байна шүү дээ. Ингэж болохгүй ээ. Намдаа 100 сая төгрөг тушаагаар төрд гарсан хүн ард иргэдийнхээ төлөө ажиллаж чадах уу. Хэрэв намдаа ийм их хэмжээний мөнгө тушаасан хүн манай тойрогт нэр дэвшвэл хамгийн түрүүнд “Та дэнчингийн мөнгөө хаанаас олж тушаасан бэ” гэдгийг нь асууна гэж бодож байгаа. Бас төрд гараар энэ мөнгөө хаанаас хэд нугалж авахаар төлөвлөж байгааг нь ч асууна. Юу гэж хариулах нь сонин байна. Бид дэнчин тушаахыг хэчнээн эсэргүүцсэн ч хориглож чадахгүй. Гэхдээ хамгийн гол нь сонгох эрх бидэнд байгааг л мартах ёсгүй.
С.ЮмсүрэнЭх сурвалж: "Монголын үнэн" сонин