Г.ТӨРБАТ: шүдний өвчлөл 200 гаруй өвчний суурь шалтгаан болдог

Шүдний цоорол нь чих, хамар, хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд, амьсгалын замын өвчний болон олон халдварт өвчний суурь шалтгаан болж байна. Тодруулбал, шүдний өвчлөл нь 200 гаруй өвчний суурь шалтгаан болдгийг мэргэжлийн эмч хэлж байна. Шүдний өвчлөлийн талаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Шүдний гажиг заслын их эмч Ганбатын Төрбаттай ярилцлаа.
-Хан-Уул дүүрэгт шүдний өвчлөл ямар байна вэ?
-Манай дүүрэгт шүдний өвчлөл улсын дунджаас харьцангуй бага байдаг. Тархалт 86, өвчлөл 6.7 хувьтай гэсэн үзүүлэлттэй байна. Нийтдээ 180 орчим мянган хүнд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэдэг.
-Юуны өмнө шүд юунаас өвчилж эхэлдэг, яагаад өвддөг талаар хэлж өгнө үү?
-Амны хөндий бол чийгтэй, нойтон, далд, харанхуй орчин. Эрүүл хүний амны хөндийд дунджаар сайн, муу 5-6 тэрбум бактер хоорондоо зохицон амьдарч байдаг. Тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалж тэр бактерийн тооны харьцаа өөрчлөгддөг. Амны хөндийн эрүүл ахуй муу бол өвчин үүсгэдэг муу бактер давамгайлж хүчтэй болдог. Тиймээс хүмүүст үргэлж амны хөндийгөө эрүүл байлга, шүдээ сайн угаа гэж зөвлөдөг. Муу нян бактер өссөний улмаас шүдний цоорол, тулгуур эдийн үрэвсэл зэрэг олон асуудлууд үүсдэг. Тэр үед нь шүдний эмчид хандаж эмчлүүлэх ёстой.
-Шүдний өвчлөл ямар насныханд илүү зонхилж байна вэ?
-Ер нь бүх насныхан шүдний өвчлөлтэй ирдэг. Тэр дундаа хүүхдүүд харьцангуй их байна. Хүүхдүүдийн хувьд шүдний өвчлөлөөс гадна сүүн шүдэн дээр гажиг их тохиолдож байна.
-Шүд цооролтын шалтгаан нь юу байна вэ. Ялангуяа хүүхдүүдийн шүд цооролт, мөн гажиг их тохиолдож байна гэж та хэллээ шүү дээ?
-Амны хөндийг бүрэн эрүүлжүүлсэн боловч шүд угаалт, арчилгаа хангалтгүй байвал шүд цоорох өвчлөл дахин үүснэ. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдийн шүд, амны хөндийн эрүүл ахуй, хоол хүнсний хэрэглээнд онцгой анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, нялх хүүхдийн амыг буцалсан усаар цэвэрлэж дасгасны дараа аажмаар насанд нь тохирсон сойз, оог хэрэглэж цэвэрлэнэ. Хүүхэд томрох тусам насны ангилалд тохирсон шүд цэвэрлэгээний бүтээгдэхүүн нь өөрчлөгддөг. Тиймээс тохирсон бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь илүү үр дүнтэй.
Шүдний гажгийн хувьд энэ нь олон хүчин зүйлээс шалтгаална. Буруу хооллолт буюу мах идэхгүй, зөөлөн гурилан бүтээгдэхүүн, чихэр зэргийг их хэрэглэж, хатуу хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэснээс үүдэлтэй. Мөн шүдээ хавирах, хуруугаа хөхөх, эрүүгээ тулж суух зэрэг буруу зуршлууд нөлөөлдөг. Тэгэхээр эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ амны хөндийн эрүүл ахуйд анхаарал хандуулах ёстой. Манай эрүүл мэндийн төвийн хувьд график гаргаад, үе дамжлагатайгаар цэцэрлэг, сургуулиудаар явж урьдчилан сэргийлэх үзлэгийг жил бүр зохион байгуулдаг.
-Шүд өвчилж эхэлсэн эхний шинж тэмдгүүд юу вэ. Хүмүүс өвчлөл гэхээр цоорох, эсвэл харласан, цагаарсан байгааг л мэддэг шүү дээ?
-Шүдний цоорол хэзээ, хаана, яаж эхэлсэн гэдгээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Цоорлын гаднах үзэмж буюу цагаан эсвэл хар толбо үүссэн, шарласан, өнгөр тогтсон, хэр том цоорхой үүссэн гэх мэт олон төрлийн шинж тэмдэг илэрч болно. Зарим шүд гаднаа эрүүл мэт боловч нүдэнд харагдахааргүй бичил цооролтой, дотогшоо маш том цоорол үүссэн байдаг. Зарим нь эсрэгээрээ шууд харахад бүрэн бүтэн байдлаа алдсан харлаж харагддаг. Үүнийг сайн бэлтгэгдсэн шүдний эмч нар үзэж, харж, хүрч байж оношилдог онцлогтой өвчин. Тиймээс жилдээ дор хаяж 2 удаа шүдний эмчид үзүүлэхийг зөвлөдөг.
-Шүдний өвчлөл, цоорлыг дотор нь хэд хувааж, ангилдаг вэ?
-Цоорлыг дотор нь дөрвөн үе шатаар ангилна. Нэгдүгээрт толбон үе, хоёрдугаарт өнгөц цоорол, гуравдугаарт дунд цоорол, дөрөвдүгээрт гүн цоорол гэсэн шатлалтай. Иргэдийн хувьд гүн цооролтой үедээ ирж эмчлүүлэх тохиолдол их бий. Аль болох эрт, толбон үед нь эмчлүүлбэл бага өвдөхөөс гадна хүндрэл гардаггүй. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт улиралд нэг удаа буюу гурван сар тутам хамрагдах хэрэгтэй. Цаг тухай бүрт нь урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаад явбал шүдээ хамгаалж байна гэсэн үг. Ингэснээр фоторжуулах, хамгаалах түрхлэгийг хүн бүр түрхэж, шүдээ хамгаалах бүрэн боломжтой. Та өөрийн шүдээ харах хэрэгтэй. Шүдний ховилоор чинь хар зураас гарсан байвал эмчлүүлэх хэрэгтэй.
-Сувгийн эмчилгээ гэж юу вэ?
-Гүн цоорлоос цаашаа явсан өвчлөлийн үед хийгддэг эмчилгээ юм. Хүмүүс шүд жаахан өвдөж эхлэнгүүт мэдрэлийг нь таслуулна гэж ярьдаг юм. Энэ нь маш буруу ойлголт. Мэдрэлийг нь авсан шүд бол зүгээр нэг цагаан яс болоод үлдчихдэг. Улмаар ямар ч цусан хангамжгүй, шим тэжээлгүй болчихдог. Тиймээс аль болох шүдний цоорол нь мэдрэл рүүгээ орохоос өмнө эмчлүүлэх хэрэгтэй. Бидний шүд бол хоол боловсруулах маш чухал эрхтэн. Шүд эрүүл бол бие эрүүл гэх үг байдаг шүү дээ. Амны хөндий л эрүүл бол бусад эрхтэн өвчлөх суурь нь багасч байна гэсэн үг. Хэрэв амны хөндий өвчлөөд л эхэлбэл бусад эрхтэнд нөлөөлнө.
-Урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
-Хамгийн эхэнд амны хөндийн ариун цэврийг сахих ёстой. Хоол идсэнээс цагийн дараа шүдээ угааж хэвших, тогтмол эмчийн үзлэгт хамрагдах, өөрийгөө хянах зэргээр дадах хэрэгтэй.
-Ямар хоол хүнс хэрэглэхэд тохиромжтой вэ?
-Гурилан бүтээгдэхүүн, өнгөтэй бүтээгдэхүүн хэрэглэхээ багасгах хэрэгтэй. Мөн тамхинаас аль болох татгалзахыг хичээ. Тамхи татчихаад амаа угаагаагүйгээс шүдэнд өнгөр үүсч, улмаар чулууждаг. Чулуугаа түүлгэлгүй удах, эсвэл түүлгэсний дараа шүднүүд сулраад унах аюултай байдаг.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ