С.Бямбацогт: Ард түмний засаглах эрхийг УИХ-ын тухай хуулиар хангасан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг баталсан билээ. Уг хуульд
туссан онцлог заалтын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар өнөөдөр танилцуулав.
УИХ-аас ноднин 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагалдуулан нийт 46 хууль, тогтоолд өөрчлөлт оруулж байгаагийн хамгийн том нь УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль юм. УИХ-ын тухай хуульд, УИХ нь ард түмнийг төлөөлөх, хууль тогтоох дээд байгууллага хэмээн тодорхой тусгаж, ард түмний засаглах эрхийг хангахад чиглэсэн зохицуулалтыг оруулж, Монгол Улс парламентын засаглалтай гэдгийг баталгаажуулсан хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээллийн эхэнд онцоллоо. УИХ-ын тухай хууль нь долоон бүлэг, 51 зүйлтэй аж. Ингээд УИХ-ын тухай хуулийн талаар тэрбээр танилцууллаа.
- Хуульд, УИХ-ын гишүүн авлига, албан тушаалын зөрчлөөс ангид байх, тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт оруулсан. Ингэснээр УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга хариуцлага дээшилнэ гэдгийг тодотголоо.
- Мөн УИХ-ын гишүүн төсөв батлахдаа, төсвийн орлого болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэх, энэ талаарх санал, санаачилга гаргахыг хориглосон. Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүн төсөв батлахдаа төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлж, Монгол Улсыг өрөнд оруулах байдал хавтгайрч байсныг С.Бямбацогт гишүүн дурдлаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь 76 гишүүн өөрийн тойрогтоо хөрөнгө оруулалт татах, төсөв бүтээн байгуулалт нэрээр төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлж байсныг хязгаарласан гэлээ.
- УИХ-ын гишүүн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон түүнд нийцүүлж гаргасан бодлогын баримт бичгийн хүрээнд захирагдаж, хууль санаачлилж хэлэлцэх, санал гаргах зохицуулалт оруулжээ. Хэрвээ, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг зөрчсөн бол Үндсэн хууль зөрчсөнд тооцож, эгүүлэн татах нөхцөл байдал үүсэж болохоор заасныг тэмдэглэлээ.
- Засгийн газрын гишүүний дөрөв нь УИХ-ын гишүүн байхаар хязгаарласан заалт тусгажээ. Ингэснээр, УИХ-ын гишүүн өөрийгөө сайдаар томилуулах, өөрийн хамаарал бүхий хүмүүсийг томилуулдаг байсныг хязгаарлаж байна гэлээ.
- УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудалд оролцохгүй байх зохицуулалт нэмжээ. Ингэснээр, УИХ-ын гишүүн Засгийн газрын бүтцийн томилгоонд оролцохгүй. Өмнө нь Засгийн газрын гишүүнийг томилохдоо УИХ-ын гишүүд ил, далдаар нөлөөлж өөрийн хамаарал бүхий хүмүүсийг томилуулах явдал хавтгайрч байсныг цохон тэмдэглэлээ.
- УИХ-ын гишүүн олон төрлийн сонгуульт албан тушаал хашихгүй байх шаардлагыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, ард түмнээ төлөөлөх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх бололцоог хангаж өгсөн хэмээн тэмдэглэлээ.
- Засгийн газрын санааичлсан төсөв, санхүү, мөнгөний бодлого, үндсэн чиглэлтэй холбоотой хуульд УИХ-ын гишүүн дураараа нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах эрхгүй. Зөвхөн өөрийн бүрэн эрхийн хүрээнд, УИХ-ын тухай хуульд заасны дагуу хууль, тогтоолын төсөл санаачлах, санал гаргах эрхтэй болж буйг дурдлаа.
- Мөн тухайн хэлэлцэж байгаа асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй бол санал хураалтад оролцохгүй байх, парламентыг үл хүндэтгэн УИХ-ын гишүүнийг гүтгэсэн, доромжилсон үйлдэлд харуцлага тооцох зохицуулалтыг нэмж тугасан байна.
- УИХ-ын чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгон сунгажээ. Ингэснээр, Намрын чуулган 10 дугаар сарын 1-нд эхэлж, дараа оны хоёрдугаар сарын 1-нд дуусна. Харин хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхлэх юм байна. Өмнө нь чуулганы хуралдааны үргэлжлэх хугацаа ажлын 50-аас доошгүй өдөр байсан. Хугацааг нь сунгасны хэрээр чанартай хууль тогтоомж батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ илүү биелүүлэх бололцоотой болно хэмээн С.Бямбацогт гишүүн тайлбарлав.
- Хууль, тогтоолын төслийг хэлэлцэхдээ, дөрвөн удаагийн хэлэлцүүлэг явуулна. Харин эцэслэн батлахдаа, нийт гишүүний олонх буюу 39-өөс дээш гишүүний саналаар баталдаг байх юм. Өмнө нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 39 гишүүний 20 нь хууль баталдаг тогтолцоотой байсныг тэрээр мэдээлэлдээ дурдлаа. Дараа нь УИХ-аас өнөөдөр баталсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулсан бөгөөд ажлын багийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ахалжээ. Уг хууль 14 бүлэг, 126 зүйлтэй аж.
Энэ хуулиар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг бүтээмжтэй, үр нөлөөтэй байлгах, асуудлыг ажил хэрэгч, шударга зарчмаар шийдвэрлэхэд чиглэсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээллийн эхэнд онцлон тэмдэглэв.
Анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулсан байна. Тухайлбал, Ерөнхий сайд томилогдсоноос хойш ажлын 14 хоногийн дотор Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулжээ. Мөн Засгийн газрын гишүүдийн хүн нэг бүрээр УИХ-д танилцуулах бөгөөд УИХ-аас ямар нэгэн шийдвэр гарахгүйгээр танилцуулснаар томилогдсонд тооцно. Засгийн газрын гишүүний тангараг өргөх журмыг УИХ-аас баталжээ.
Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нэгдсэн хуралдаан тухайн төслийн талаар олон нийтээс санал авахаар шийдвэрлэсэн бол холбогдох Байнгын хороо уг ажлыг анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө санал авах ажлыг зохион байгуулахаар нарийвчлан зохицуулжээ.