"Намын санхүүжилт олж ир" гэсэн Н.Энхбаярын хүнд даалгаварт унаж, хэлмэгдсэн хүний нэг бол Г.Шийлэгдэмба
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, хэд хэдэн гишүүн сайдын суудалд заларсан. Тэдний нэг нь Эрүүл Мэнд, Спортын Сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба байв. Өмнө нь МАН-д БОАЖ-ын сайдын алба хүртэл хашиж, 2008 онд Өвөрхангай аймагт нэр дэвшин, өрсөлдөж байсан түүнийг Н.Энхбаяр МАН-аас МАХН-ыг тасдаж авахдаа өөрийн багт оруулсан. Тэгэхдээ түүний хүн чанар, чих зөөлөн хоёрыг ашиглах гэж л тойлж байсныг хожим хэрэг төвөгт хэрхэн оролцуулж, улмаар хэрхэн шоронд хориулсан үйл явцаас тодорхой харагддаг.
Н.Энхбаяр Г.Шийлэгдамбыг МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга болгоод зогсохгүй, Эрүүл Мэнд, Спортын Сайдаар давхар томилуулсан. Уг нь аль ч намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга дангаар хашихаар том алба атал Н.Энхбаяр Г.Шийлэгдамбыг нэг том албанд дангаар байлгалгүй, бүр хоёр том алба хариуцуулсан гэдэг. Тэрбээр сайд болсныхоо дараа Ерөнхий Нарийн Бичгийн Даргын ажлаа өгөх талаар Н.Энхбаяр даргадаа дуулгасан ч “Байж бай” гэжээ. Гэтэл үүний учир ч тайлагдав. Намын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын хувьд намын санхүүжилт босгох ёстой гэсэн хүндхэн даалгаврыг байнга өгч байв. Төрийн өндөр албан тушаал, намын өндөр албан тушаал хоёр нийлэхээр юу болох вэ гэдгийг Н.Энхбаяр сайн мэдэж байсан ч гагцхүү мөнгө олуулах нь чухал байсан хэрэг. Ингээд Г.Шийлэгдамбад Д гэх бизнесмен намын санхүүжилт нэрээр их хэмжээний мөнгө өгөх болж, уг мөнгөө нам дээр нь биш, яаман дээр нь гэнэт аваад иржээ. Удалгүй араас нь АТГ-ынхан ирж, Г.Шийлэгдамба газар дээрээ баригдсан хэмээн хэсэгтээ шуугиан тарьж байлаа. Угтаа бол Г.Шийлэгдамба Н.Энхбаярын шахаанд орж, Д гэгч намын санхүүжилт нэрээр мөнгө өгснөөр “авлигач” нэр зүүж, ял шийтгэл хүлээхэд хүрчээ. Энэ тухайгаа ч тэрбээр өөрөө ярьсан бөгөөд “Н.Энхбаяр дарга намын санхүүжилт олохыг байнга шаарддаг байсан” гэж шалгагдаж байхдаа хэлсэн удаатай. “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо ч МАХН-ын дарга Н.Энхбаярын шахалтаар намдаа сонгуулийн санхүүжилт босгох зорилгоор төөрч, будилж яваад хууль, хяналтын байгууллагын хаалга татсанаа ний нуугүй ярьсан билээ.
Энэ мэтээр МАХН-ын квотоор сайд дарга болсон намын гишүүн болгоноос экс Ерөнхийлөгч эрх чөлөөний үнэ цэнтэй хариу нэхдэг жишигтэй. Ялангуяа МАХН- аас томилогдсон Засгийн газрын гишүүд санхүүжилт босгох фронтын тэргүүн эгнээнд жагсдаг нь нууц биш. Г.Шийлэгдамба шүүхээс 5.1 жилийн ял сонсож, МАХН-аас гарч, Н.Энхбаяраас зайгаа бариад удаж байна. Өнөөх л дархан мэхээрээ Н.Энхбаяр уг хэрэгт өөрийгөө ямар ч холбоо хамааралгүй гэж мэлзэж, уснаас хуурай үлдэж чадсан билээ. С.ӨрлөгЭх сурвалж: Sonin.mn