УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно
Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн албан ёсны дүнг зарлаад гурав хонож байна. 2020 оны зургаадугаар сарын 24-нд улс аяар явагдсан санал хураалтад сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ. Баасан гарагт СЕХ 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргасан. Улмаар Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр буюу өнөөдөр гардуулахаар товлоод байгаа.
Харин зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл гарсан гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан тул СЕХ гар тооллогыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Архангай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул аймгаас гадна Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг гэсэн нийтдээ 164 хэсгийн хороонд хяналтын тооллого хийсэн байна. Ингэхэд нэмэлт тооллогоор зөрүү гараагүй талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Ингээд хууль ёсоор Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр нэр дэвшигчдэд үнэмлэхийг гардуулж, сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ойрын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, УИХ-ын анхдугаар чуулганы товыг зарлах хуультай. Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногтоо багтан Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ зарлана гэсэн хүлээлт байна. Үүнтэй зэрэгцээд шинэ парламентын даргын эрэлд хэвлэлийнхэн нэгэнт гарчээ.