Тарваган тахлаас сэргийлээрэй
Ховд аймагт тарваган тахлын 2 тохиолдол илэрсэн. Тарваган тахлын булчирхайн хэлбэр болон хоёрдогч уушгины хэлбэр гэсэн оноштой эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг болон хоёрдугаар хавьтагчдын шинжилгээний хариу сөрөг гарч, хяналтад байна.
Тэгвэл өнөөдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд 15 настай хүүхдээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Хүүхэд нохойд бариулсан тарвагыг авчирсан бөгөөд халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт тусгаарлажээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн баг голомтод ажиллахаар явж байгаа аж.
Мөн Өвөр Монголын нутагт тарваган тахлын нэг сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Баяннуур хотын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Урадын дундад хошууны эмнэлэгт Бямба гарагт сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоогоод байгаа гэнэ. Тарваган тахал нь амьтнаас хүнд болон хүнээс хүнд халдварлах эрсдэлтэй тул урин дулааны цагт аялал зугаалгаар явахдаа тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.