УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "эрийн" сайндаа сонгогдсон гэв үү
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ Засгийн газрын гишүүдийг танилцууллаа. УИХ-ын гишүүд шинэ сайд нарт асуулт тавьж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн сайндаа парламентын гишүүн болсон мэтээр “том” дуугарсан нь бусдынхаа “нүдийг орой дээр нь” гаргав. Тэрбээр, “Монголын ард түмэн УИХ-д сонгогдсон хүмүүсийг дэмжсэн. Мөрийн хөтөлбөртэй дэмжсэн шүү. Тиймээс намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр шахаж ажиллана. УИХ хууль баталж өгнө, хийхийг нь Засгийн газар хийнэ. Хууль хангалтгүй байна гэсэн тайлбар өгч байгаа хүмүүс ажлаас зугтаж байна гэсэн үг. УИХ-ын гишүүдтэйгээ хамтран ажиллана гэж найдаж байна. Ур чадвараас илүү Ерөнхий сайдын сонголтод итгэж байна.” гэсэн. Уг нь УИХ-ын сонгуулийн үр дүнг харахад сонгогчид нэр дэвшигчийг бус намыг харж, намын мөрийн хөтөлбөрт итгэж сонголт хийсэн гэдэг нь илэрхий. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ч сонгуулийн сурталчилгааны үеэр “МАН-ын нэр дэвшигчдээ багаар нь дэмжээрэй” хэмээж явснаа таг мартсан бололтой юм. Эсвэл тэр мөн л ганцаарчилсан тоглолтоо хийж эхлэв үү.