Цэцэрлэгийн цахим бүртгэлийг наймдугаар сарын 3-25-ны хооронд зохион байгуулна
2020-2021 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2-5 настай хүүхдийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 3-ны өдөр эхэлнэ. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн бүртгэл орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохтой зэрэгцэж байна.
Цэцэрлэгийн бүртгэлийг 4 дэх жилдээ цахим хэлбэрээр явуулж байна. Өмнөх жилүүдэд бүртгэлийг 7 дугаар сарын 25-наас хойш нэг сарын хугацаатай зохион байгуулдаг байсан юм. Тэгвэл энэ жил цар тахалтай холбоотойгоор бүртгэлийн хугацаа богиносжээ.
Цэцэрлэгийн цахим бүртгэлийг наймдугаар сарын 3-25-ны хооронд зохион байгуулна
Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох "Наймдугаар сарын 3-25-ны хооронд иргэд, эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn сайтад нэвтэрч бүртгүүлнэ. Ингэхдээ 4 алхмыг хийнэ. Нэгдүгээрт тус сайт руу нэвтэрч орон хүүхдийнхээ регистрийн дугаараар хүүхдийнхээ мэдээллийг баталгаажуулж харна. Ингэснээр аль цэцэрлэгт танай хүүхэд хамрагдах боломжтой нь гарч ирнэ. Үүний дараа өөрийнхөө холбоо барих утасны дугаарыг оруулна. Тухайн бүртгүүлсэн утасны дугаар 6 орон бүхий код ирнэ. Үүнийг тухайн сайт руу орж баталгаажуулсаар таны утсан дээр бүртгэл баталгаажсан тухай мэдээлэл ирнэ. Магадгүй цахим орчинд орох боломжгүй иргэд байх юм бол тухайн товлосон хугацаанд дүүргийнхээ болон харьяаллынхаа цэцэрлэг дээр ажиллах ажилтнуудад мэдээллээ өгч баталгаажуулна. Наймдугаар сарын 26-нд цэцэрлэгийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулна. Үүний дараа тухайн иргэдэд бүртгүүлэн гар утасны дугаарт нь хүүхэд цэцэрлэгт тань цэцэрлэгт бүртгэгдсэн эсэх мэдээлэл очно.
Хуучин бид цэцэрлэгийн цахим бүртгэлийг долоон сараас эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулдаг байсан. Энэ жил цар тахлын улмаас бүртгэлийн хугацаа богиноссон. Салбарын сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу авсан арга хэмжээний хүрээнд нээ жилийн бүртгэлийн хугацаа хойшилсон” гэлээ.
Энэ жил орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөнийг 08.15-наас 10.15-ныг хүртэл зогсоох юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шилжилт хөдөлгөөнийг амжиж хийгээгүйгээс шалтгаалж хүүхэд тухайн харьяа дүүрэг, байршилдаа цэцэрлэгт элсэх боломжгүй болох магадлалтайг албаны хүн санууллаа. Тиймээс эцэг эхчүүд шилжилт хөдөлгөөнийг эрт тооцоолж дээрх хугацаанаас өмнө хийлгэхийг зөвлөлөө.
Ирэх есдүгээр сарын 1-нд хичээлийг ямар хэлбэрээр зохион байгуулах нь одоогоор тодорхойгүй байгаа. Энэ нь цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан УОК-ын шийдвэрээр хэрэгжих юм. Гэхдээ Нийслэлийн боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа гэв.
Эх сурвалж: eagle.mn