Ам.долларын ханш он гарснаас хойш 3-3,5 хувиар чангарчээ
Валютын хадгаламж 40 гаруй хувиар өсжээ
Зах зээлд Америк долларын төгрөгтэй харьцах ханш бага багаар чангарсаар байна. Өнгөрсөн 5 сарын сүүлчээр 2800 төгрөгтэй тэнцэж байсан америк долларын ханш өнөөдөр 2850 болоход ойртжээ. Мөн үүнийг дагаад иргэдийн төгрөгт итгэх итгэл буурч, валютын хадгаламжийн тоо ч нэмэгдэж байна.
Монголбанкны өнөөдрийн зарласан ханш 2841 төгрөг байгаа ч хар зах буюу Найман шарга дээрх ханш 2843 төгрөгтэй тэнцэж байна. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал муудаж, улсын төсөв 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж, Монголд орж ирэх ам.долларын урсгал саарсан зэрэг шалтгаанаас болж нэг талд долларын ханш өсөж, нөгөө талд иргэд, аж ахуйн нэгж хадгаламжаа ам.долларт шилжүүлж, зах зээлд хадгаламжийн долларжилт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
“Монголбанк”-ны ахлах эдийн засагч Н.Батжин “Ам.долларын ханш он гарснаас хойш 3-3,5 хувиар чангараад байгаа. Энэ нь өөрчлөлт иргэдийн хувьд хүлээлт үүсгэж байгаа. Учир нь ам.долларын ханш чангарч байгаа юм чинь төгрөгийн хадгаламжаа ам.долларын хадгаламж руу шилжүүлдэг. Гэтэл төгрөгийн хадгаламжийн хүү 11-12 хувь, ам.долларынх 5 орчим хувь байгаа. Түүн дээр 3 хувиа тооцоод үзэхээр богино хугацаандаа төгрөгийн хадгаламж илүү өгөөжтэй байдаг. Ам.долларын хадгаламж өсөөд байгаа нь эргээд ам.долларын эргэлтийг бий болгоно. Нэг талд нь манайх руу орж ирж байгаа ам.долларын хандалт бага боловч нөгөө талдаа дотооддоо ам.долларын эрэлтийг нэмэгдүүлэхээр ам.долларын ханшийг өсгөх нөлөөтэй болоод эхэлдэг. Тиймээс хэрвээ хүлээлт цаашид үргэлжлээд байвал эрсдэлтэй учраас Монголбанкнаас арга хэмжээ авч байгаа” гэв.
СЭЗИС-ын багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Цар тахалтай холбоотойгоор нийгэмд ирж байгаа дарамтаас болоод болгоомжлох, нийгмийн хүлээлт сөрөг болохоос болоод долларжилт нэмэгдээд байгаа. Хэрвээ энэ цаашаа үргэлжилбэл эдийн засагт төгрөгийн ханш улам сулрах, ам.долларын ханш, эрэлт зохиомлоор нэмэгдэх ийм дарамт үүсэх магадлалтай. Юуны өмнө бид валютын ханшийн нөхцөл байдал, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, хий хүлээлт, хий болгоомжлолд хөтлөгдсөн шийдвэр гаргахгүй байх нь хамгийн чухал” гэлээ.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц зургадугаар сар 3.5 тэрбум доллар болжээ
Монгол Улсын гадаад валютын албан нөөц зургадугаар сар 3.5 тэрбум доллар болж өмнөх оны мөн үеийнхээс 13.3 хувиар унасан байна. Арилжааны банкуудад нийтдээ 16.7 их наяд төгрөгийн хадгаламж байгаагийн 32-33 хувь нь ам.долларын хадгаламж байна. Монголбанк болон арилжааны банкууд долларжилтоос сэргийлж валютын хадгаламжийн хүүг нэмэхгүй байх, төгрөгөөр зээл гарах боломжийг дэмжих, хүүг буруулах бодлого баримталж байна.
Ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч байгаагийн гол шалтгаан нь Монгол улсын худалдаа, төлбөрийн тэнцлийн алдагдал болж байна. Төлбөрийн тэнцэл өмнө жил 230-250 сая долларын ашигтай байсан бол энэ оны 5 сарын байдлаар 1.1 тэрбум долларын алдагдалтай байна. Мөн он гарснаас хойш худалдааны тэнцэл 40 орчим хувийн алдагдалтай байгаа юм. Үүний гол шалтгаан нь цар тахлын нөлөөгөөр Монгол Улс болон бусад улсуудад эдийн засгийн хүндрэл бий болсонтой холбоотой юм.