Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил ахицтай явж байна
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу ахицтай явж байна. Өргөтгөлийн газар шорооны ажил есдүгээр сард дуусна. Өнөөдрийн байдлаар тээрмүүд суурилуулах талбайн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн өргөтгөлийн ажилд шаардлагатай үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл ид явагдаж байгаа аж. Нийт тоног төхөөрөмжүүдийн 30-60 орчим хувь нь бэлэн болсон бөгөөд 9-р сарын сүүлчээр өргөтгөлийн барилгын ажилд шаардлагатай эхний металл хийцүүд ирнэ гэж гүйцэтгэгч компаниас мэдээллээ. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлын явцын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгоноос тодруулахад, “Энэ долоо хоногт нэлээн ажил амжууллаа. Гурав дахь тээрмийн эхний хэсэг цутгагдлаа. 22 цагийн хугацаанд 960 орчим метр куб бетон хүлээн авч цутгалт хийгдсэн. Үүний онцлог нь өндөр хүчин чадалтай, ачаалалтай тээрэм ажиллах учраас суурь маш сайн байх ёстой. Суурь нь 12 метрийн өндөртэй тавигдана. Бусад барилгын металл хийцүүдийн суурь хийгдэж байна. Гүйцэтгэгч компаниуд өдөрт 80-120 хүний бүрэлдэхүүнтэй 12 цагийн турш тасралтгүй ажиллаж байна. Тэд бетон зуурмаг хүлээн авах үеэр 24 цагийн турш ажиллаж байгаа. Өнөөдөр ажлын штаб хуралдаж тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргалаа. Долоо хоног бүрийн ажлыг хүмүүст хариуцуулаад явж байна. Мэдээллийн технологийн хэлтэстэй хамтран барилгын талбайн эргэн тойрныг камержуулж байна. Ингэснээр барилгын эргэн тойрныг бүрэн хянах боломж бүрдэнэ. Одоогоор камеруудыг хянаж, тохиргоо хийх ажил хийгдэж байна” гэлээ. Т.БАТЧУЛУУН