Увсын зураач, урчуудын “Чандмань-2020” үзэсгэлэн нээгдлээ
Увс аймгийн зураач, уран бүтээлчдийн “Чандмань 2020” нэгдсэн үзэсгэлэн наймдугаар сарын 28-ны өдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийв. Уг үзэсгэлэнд нийт 30 уран бүтээлч уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, уран дархан, чулуун сийлбэр, график дизайн гэсэн долоон төрлөөр бүтээлээ дэлгэн толилуулж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Сүхээ, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Ж.Содномгаваа тэргүүтэй уран бүтээлчдээс эхлээд залуу уран бүтээлчид ур хийц, ухаанаа шингээсэн бүтээлүүдээрээ энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа ажээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр нутгийн онцлогийг шингээсэн “Цэгдэг тэрлэг”-тэй натур зурах үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа, байгаль дээрх судалбар зэрэг олон олон хөтөлбөрүүд болсон юм.
Увс нутаг нь байгалийн үзэсгэлэн цогцолсон түүх, ёс заншил, олон үндэстний өлгий бөгөөд цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Байгаль, цаг уур хийгээд уламжлал нь хүн ардын сэтгэлгээнд гүн шингэсэн байдаг. Үүний илрэлийг зураач урчуудынх нь уран бүтээлээс харах бүрэн боломжтой.
Ташрамд сонирхуулахад Увс аймгийн урчуудын эвлэлийн салбар олон улсын хоёр ч удаагийн нэр хүндтэй шагнал авч байсан түүхтэй юм байна. Тус аймгийн урчуудын эвлэлийн салбар нь зураач, сийлбэрчид, чулуун сийлбэр, торгон хэвлэл, мужаан, баримлын тасагтай нийт дөчөөд хүнтэй үйл ажиллагаа явуулдаг байжээ. Урчуудын эвлэлийн хорооны ээлжит үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцохын зэрэгцээ 1964, 1967, 1999 онуудад Улаанбаатар хотноо тайлан үзэсгэлэнгээ гаргаж байсан аж. Мөн хөрш зэргэлдээ Тува, Алтайн хязгаар, Хакасс болон зэргэлдээ аймгуудад 10-аад удаа үзэсгэлэнгээ толилуулжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Ц.Очирвалтай цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө та манай уншигчдад үзэсгэлэнгийнхээ талаар танилцуулна уу?
-Увс аймгийн зураач урчууд нийлээд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулж байна. Бид бүгд ярилцаж байгаад 2019 онд уран бүтээлийн “Чандмань нэгдэл” гэж ТББ байгуулсан. Энэ нэгдлийн бүх гишүүд хамтраад Монголын урчуудын хорооны дэмжлэгтэйгээр наймдугаар сарын 28-нд үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийлээ. Уг үзэсгэлэн маань есдүгээр сарын 5-ныг дуустал дэлгэгдэнэ.
-Үзэсгэлэнд хэчнээн уран бүтээлч оролцож байгаа вэ?
-Оролцож байгаа хүмүүсээс гэвэл хамгийн ахмад нь 90 хүрч яваа буурал, УГЗ Э.Сүхээ гэж зураач байгаа. Ахмад үе, дунд үе, залуу үеийн төлөөлөл нийлээд 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр Увс аймгийн урчуудыг төлөөлж анх удаагаа үзэсгэлэн гаргаж байна. Социалист нийгмийн үед Увсын зураачид гурван удаа хамтарч үзэсгэлэн гаргасан байдаг. Харин 1990 оноос хойш анх удаагаа хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж байгаа нь энэ юм.
-Увсын зураачдын 30 жилийн дараах анхны үзэсгэлэнгийн гол онцлог юу вэ?
-Энэ удаагийн үзэсгэлэн Увс аймгийн зураач урчуудыг нэгтгэсэн нэгдэл байгуулагдсаны дараа гарч байгаа анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлог. Ахмад, дунд, залуу үеийн зураач, урчууд нэг хамт олон болж, цаашдаа хамтарч уран бүтээл хийх, мөн хөдөө орон нутагт дүрслэх урлагийн тухай ойлголтыг дэлгэрүүлэх зорилготой. Ер нь Монголын урчуудын эвлэлийн хорооны ээлжит бодлого байсан байх. Тухайн үед бүх аймгийн зураач урчууд нийлж хамтарсан үзэсгэлэн гаргасан байдаг. Манай аймгийн уран бүтээлчид энэ уламжлалыг сэргээн ийм хамтарсан үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм.
-Таны хувьд уран бүтээлийн олз омог хэр байна вэ. Энэ үзэсгэлэндээ ямар бүтээлээр оролцож байна вэ?-Би тавдугаар анги буюу арвангурван наснаасаа эхлээд л зурж эхэлсэн. Хамгийн анх хүн зурж байсан. Тэр нь их адилхан болоод л урамшаад зураач болохоор шийдсэн дээ. Аав, ээж хоёр маань ч намайг дэмжиж, их урам хайрладаг байсан. Яг тэр үеэс хойш зурагт дуртай болж, одоог хүртэл тасралтгүй зураад л явж байна. 1985 онд тухайн үед Урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг байсан “Хавар” уран бүтээлийн үзэсгэлэнд “Зуслан” гэдэг нэртэй уран зургаараа оролцож, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан. Тэрнээс хойш бие даасан хоёр үзэсгэлэн гаргасан. Энэ удаагийн үзэсгэлэнд “Хан Хөхүй” гэж зургаараа оролцож байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин