Япончууд эмэгтэй Ерөнхий сайдтай болоход бэлэн биш
Японы Засгийн газрын тэргүүнийг сонгох сонгууль энэ сарын 14-нд болно. Ерөнхий сайд Шинзо Абэ албан тушаалаасаа огцрох гэнэтийн мэдэгдэл хийсний дараа эрх баригч намын нэр хүндтэй эмэгтэй гишүүдэд түүхийг өөрчлөх боломж олдсон. Харамсалтай нь улстөрд эрчүүд ноёрхсон энэ улсад тэдний мөрөөдөл агшин зуур замхарсан юм. Наран улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд болно гэсэн Томоми Инада, Сэйко Нода нарын найдвар цөхрөл, уур хилэнгээр өндөрлөлөө. Японы эрх баригч Либерал ардчилсан нам 65 жилийн түүхэндээ эмэгтэй удирдагч сонгож байгаагүй. Энэ удаа ч нэр дэмвшсэн гурван өрсөлдөгч эрчүүд байгаа юм. Чухамдаа намын даргын сонгуульд нэр дэвшсэн цорын ганц азтай эмэгтэй бол Юрико Коико билээ. Токио хотын анхны эмэгтэй захирагч тэрбээр 2017 онд намаасаа гарчээ. Юрико Коико Либерал ардчилсан намын эмэгтэй гишүүд эсрэг хүйстнээсээ дутахгүй амбицтай, эрх мэдэлд дурлагчид болохоо олон улсад баталсан юм. Гэхдээ Абэг огцорсны дараах үйл явдлууд эмэгтэйчүүдийн эрх мэдэлд хүрэх зам дэндүү урт, дардан биш болохыг харууллаа.
ГАНДАН БУУРШГҮЙ ТОМОМИ ИНАДА
Либерал ардчилсан намын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч 61 настай Томоми Инада Абэгийн мэдэгдлийн дараа сонгуулийн кампанит ажилд оролцохоо илэрхийлсэн юм. Тэрбээр "Эмэгтэй удирдагчтай болбол намын хөгжилд эергээр нөлөөлнө. Хэрэв надад боломж олдвол би энэ сорилтыг даван туулахад бэлэн" гэжээ. Инада 2005 онд өмгөөлөгчөөс Доод танхимын гишүүн болж улс төрийн карьераа амжилттай эхлүүлсэн. Түүнийг Шинзо Абэгийн дэмжлэгээр намд элссэн гэдэг. Тэрбээр Абэгийн ойрын хүн бөгөөд Захиргааны шинэтгэлийн сайд, намын Бодлого төлөвлөлтийн дарга зэрэг дээд албан тушаал хашиж байжээ. Томоми Инадаг 2016 онд Юрико Коикогийн дараа Батлан хамгаалахын сайдаар томилсон ч Японы Өөрийгөө хамгаалах хүчинтэй холбоотой дуулианы улмаас огцорчээ. Тэрбээр баруун жигүүрийн полемикист гэдгээрээ алдартай бөгөөд "Улс төрийн бодлогыг эмэгтэйчүүдийн өнцгөөс" гэсэн үндсэн уриалгыг гаргажээ. Мөн намынхаа эмэгтэй гишүүдийг нэгтгэн парламентын эмэгтэйчүүдийн бүлгийг байгуулсан байна. Тэрбээр сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн тоог нэмэгдүүлэх квотын тогтолцоог бий болгохыг хүссэн ч дэмжлэг аваагүй. Инада Абэг огцрохоос хэдэн долоо хоногийн өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Тэрбээр Либерал ардчилсан намдаа томд тооцогдох Хосода фракцад харьяалагддаг. Абэ тэр фракцын гишүүн байсан нь Инадагийн Ерөнхий сайд болох эрмэлзлийг өдөөжээ. Харамсалтай нь, фракцын эрчүүдэд түүний хүсэл таалагдсангүй. Тэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихидэ Сугаг дэмжсэн байна.
Инада Шинзо Абэд бараалхаж, дэмжлэг хүсэхэд “Би яаж ч чадахгүй. Энэ бүгд гэнэтийн зүйл боллоо” гэсэн хариу сонсжээ. Гэхдээ энэ удаад бүтэлгүйтсэн ч Томоми Инада 2021 оны намар болох намын даргын ээлжит сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн юм. Намын ахмад хуульч эр түүнд “Эрэгтэй гишүүдийн дэмжлэгийг авахгүй бол Ерөнхий сайд болж чадахгүй” гэж зөвлөсөн байна.
СЭЙКО НОДАГИЙН ХЭРЭГ
Японы Дотоод хэргийн сайд асан, Сэйко Нода намын даргын албан тушаалд эртнээс горилсон. 59 настай Нода Доод танхимын гишүүнээр ес дэх удаагаа ажиллаж байгаа Японы эмэгтэй улстөрчдийн төлөөлөл юм. Шинзо Абэгийн мэдэгдлээс дөрөв хоногийн дараа Нода намынхаа аль ч фракцад харьяалагддаггүй 13 гишүүнтэй уулзжээ. Тэд Абэг залгамжлах сонирхолтой Нодагийн хэтийн төлөвийг ярилцсан байна. Мөн намынхаа эмэгтэй гишүүдтэй ч уулзжээ. Удалгүй Сэйко Нода “Би намын даргын албан тушаалд өрсөлдөхгүй. Энэ миний бодож байсан Ерөнхий сайдын сонгууль биш" гэсэн мэдэгдэл хийв. Либерал ардчилсан намын 65 жилийн түүхээс харвал аль нэр дэвшигч сонгуульд ялахыг фракцууд тодорхойлдог. Иймээс аль нэг фракцын харьяалалгүй Нода нэр дэвших баталгаа болох 20 гишүүний дэмжлэгийг авч чадаагүй бололтой. Гэхдээ намын даргын сонгуульд илт илүүрхэж буй Ёшихиде Суга ч фракцаас ангид байдаг. Энэ нь Японы улс төрд эрчүүд хэчнээн давуу байр суурьтайг илэрхийлж байна. Эрх баригч Либерал ардчилсан намын даргын албан тушаалд горилогч Ёшихиде Суга гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудлаар мөрийн хөтөлбөртэй багтаасан эсэх нь тодорхойгүй байна. "Суга аюулгүй байдлын асуудлаар ярилцаж байхыг сонсоогүй. Тэрбээр Абэгийн захиргаанаас тогтоосон бодлогын шугамыг баримтлагч” гэж Батлан хамгаалах яамны дээд албан тушаалтан ярьжээ. Түүний өрсөлдөгчид болох Либерал ардчилсан намын Бодлогын судалгааны зөвлөлийн дарга Фумио Кишида, намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Шигеру Ишиба нар гадаад харилцаа, аюулгүй байдлын сэдвээр мэргэшсэнээрээ онцлогтой. Абэгийн засаг захиргаа 2012 оны арванхоёрдугаар сард байгуулагдахад Кишида Гадаад хэргийн сайдаар ажиллажээ. Харин 2004 онд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг батлахад Ишиба Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм.
КОИКО БА БУСАД НЬ
Юрико Коико 2008 онд намын даргын сонгуульд өрсөлдсөн цорын ганц эмэгтэй нэр дэвшигч гэсэн тодотголоо хадгалан үлдлээ. Дэлхийн бусад улс орны эмэгтэй удирдагч цар тахлын үед хэрэгжүүлсэн бодлогоороо эрчүүдээс ялгарч байгаа. Үүнд Шинэ Зеландын Ерөнхий сайд, 40 настай Жасинда Ардерн, Германы канцлер 66 настай Ангела Меркель нарыг нэрлэж болно. Угаас Япон улс эмэгтэйчүүдийн манлайллаар нэр хүнд муутай. Абэгийн засаг захиргаа улс төр, бизнесийн салбарт удирдах албан тушаал хашиж буй эмэгтэйчүүдийн харьцааг 2020 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Тэрбээр хөдөлмөрийн насны хүн амын тоо буурч байгаа үед өсөлтийг дэмжихийн “Womenomics” гэсэн санаачилгыг гаргасан. Түүний засаглалын хугацаанд хоёр сая гаруй эмэгтэй ажиллах хүчний эгнээнд нэгджээ. Японд 15-64 насны эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Гэхдээ Абэг шүүмжлэгчид Японы тогтмол цалингийн зөрүү, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо, илүү цагаар ажилладаг зэрэг асуудлыг тогтмол хөнддөг. Японы хууль тогтоох байгууллага дахь сөрөг хүчний намын 42 гишүүний тал нь эмэгтэйчүүд бол Либерал ардчилсан нам 15 хувьтай байна. Японы хүн амын 51.3 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг атлаа ард түмнийг төлөөлөх эрх нь хязгаарлагдмал байдаг. Дэлхийн эдийн засгийн форумаас 2019 оны арванхоёрдугаар сард гаргасан жендерийн зөрүүний тайланд Япон улс төрийн ангилалд 153 орноос 144-т жагссан байна. Тус улсын Доод танхимын гишүүдийн 9.9 хувь, Дээд танхимын 22.9 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Улс төрийн шинжлэх ухааны профессор Мари Миура “Либерал ардчилсан намын даргад эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөх нь дараагийн улс төрийн хүчний суурийг бүрдүүлэхэд дөхөм болно. Харамсалтай нь үйл явц хэтэрхий удаан байна” гэжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин