ЭЭЖ бүхний хөгжлийн төлөө ЭЭЖ төв үүд хаалгаа нээлээ

Монгол улсад төрөлт жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын тоо өсч байна. Энэ нь нэг талаар сайн хэрэг боловч нөгөө талд хаалганы цаана төрсөн эмэгтэйчүүд, ээжүүдэд зарим сөрөг үр дагаврууд гардаг талтай.
Манай улсад жилд дунджаар 80 мянга орчим эмэгтэй амарждаг бөгөөд тэдний 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Сүүлийн жилүүдэд төрж буй ээжүүдийн 90 орчим хувь нь 35 хүртэлх насныхан. Тэд ид хийж бүтээх, нийгмийн харилцаанд орох насандаа хүүхэд төрүүлснээр хувь хүний хөгжил хоцрогдохоос эхлээд олон бэрхшээлүүдтэй тулгарч байгааг судалгаагаар тогтоожээ. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод нярай хүүхдийн тусгай асаргаатай цэцэрлэг цөөн байдаг учраас 0-2 насны хүүхэдтэй ээжүүдэд өөрийгөө хөгжүүлэх, ажиллах, нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэх боломж бага байна.
Төрөөс хүүхэд харах үйлчилгээнд зориулж төсөв баталж байгаа ч мэргэжлийн асрагч, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөл тэр бүр хангалттай бүрдэж чадахгүй асуудлууд гардагийг Мэргэжлийн хяналтынхан хэлсээр байгаа. Ийм цаг үед стандартын шаардлага хангасан Ээж, хүүхдийн хамтын хөгжлийн цоо шинэхэн ЭЭЖ төв үүд хаалгаа нээлээ.
МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч, “Бэлэг” нэвтрүүлгийн санаачлагч Д.Одзаяа бага насны хүүхэдтэй ээжүүдэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэл хувь нэмрээ оруулахаар, нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү төвийг үүсгэн байгуулжээ. Ээж төв нь хүүхэд харах үйлчилгээний мэргэжлийн асрагч бүхий өрөөтэй, хүүхдийн тоглоомын өрөөтэй, мөн номын сан болон уулзалт, сургалтын танхимуудаас бүрдэж байна. Ээжүүд хүүхдээ санаа амар асрагч нарт үлдээгээд энэ хоорондоо англи, хятад хэлний курс, фитнес иогийн хичээл, жолооны курс, хувь хүний хөгжлийн сургалтуудаас сонгож хамрагдахаас гадна хоорондоо шинэ нөхөрлөл бий болгож, туршлага солилцох, хамт хөгжих боломжийг бүрдүүлснээрээ ЭЭЖ төв Монголдоо анхдагч болж байна.
Гадны олон улс орнуудад хэвшсэн энэхүү үйлчилгээг ийнхүү Монголдоо анхлан нэвтрүүллээ. Энэ төвд зөвхөн төрсөн гэлтгүй жирэмсэн болохоор зэхэж буй болон жирэмсэн ээжүүд мөн хандаж төрөхийн өмнөх сэтгэлзүйн болон бусад сургалтуудад хамрагдах боломжтой. Мэргэжлийн баг ЭЭЖ бүхэнд зөвлөгөө, мэдээлэл, сургалт өгөхөөр ажиллаж байгаа нь ЭЭЖ төвийн онцлог, давуу тал юм.
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ