Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа
Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж байгаа “Цөмийн технологи-Цацрагийн хамгаалалт аюулгүй байдал” сэдэвт сарын аяны хүрээнд авч хэрэгжүүлэх олон талт арга хэмжээний нэг нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм.
Уг зорилтын хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын албатай хамтран зохион байгуулсан “Цацрагийн ослын үеийн мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт дадлага, сургуулилтадМэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн холбогдох албан хаагчид “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьж, цацрагийн ослын үед тандалтын бүлгийн ажиллуулах, тунгийн тооцоолол бодох, хяналт, ажиглалтын бүс тогтоох, ажиллагаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангуулах, цагийн байдалд дүн шинжилгээ хийх дасгал сургуулилтыг гүйцэтгэлээ. Дасгал, сургуулилтыг Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын хүч хэрэгсэлд түшиглэн зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болсон байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага нь Цөмийн энергийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу 2018 онд “Мэргэжлийн болон цацрагийн хяналтын улсын албаны төлөвлөгөө”, “Цацрагийн осол, хордлогын үед мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллах заавар” зэрэг баримт бичгүүдийг боловсруулан хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн 2020 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх “Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөө”-ний төслийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулсан.