Д.Алтансолонго: “Plus size” шоу мяраалаг бүсгүйчүүдэд маш их урам зориг өгч байна

“Plus size fashion show Mongolia 2019” загварын шоу ирэх сарын 10-нд UB palace-т болно. Уг шоуны зохион байгуулагчаар "Mirror entertainment"-ийн хамт олон ажиллаж байгаа юм байна. Тус шоуны зохион байгуулагч, СТА, жүжигчин Б.Урантамир болон оролцогч Д.Алтансолонго нартай ярилцлаа.
-Ийм шоу Монголд анх удаа зохиогдож байна. Энэ шоуг зохион байгуулах санааг хэн, хэзээ хэрхэн гаргасан бэ?
Б.Урантамир: -"Plus size fashion show Mongolia 2019”-ийг “Mirror entertainment", “Бүсгүйчүүдийн манлайлал” ТББ, “Мэлмий энтертайнмент”, “Mind pictures” студи, “Barber house” make up студи, топ модел Х.Бадамгэрэлийн “Андра” академи, “Stay premium” иогийн төв, UBS, ETV болон “Ганган бүсгүй” фэйсбүүк групп зэрэг олон дагагчтай фэйсбүүк группүүд бидэнтэй хамтран ажиллаж байна.
Энэ бол дэлхийн 50 гаруй оронд зохиогддог шоу. Монголд анх удаа гэдгээрээ сонин, содон, соргог байна. Гурван жилийн өмнө ийм шоуг хийе гэдэг санаа надад төрсөн л дөө. Тухайн үед таргалалтын түвшин өнөөдрийн хэмжээнд хараахан хүрээгүй байлаа. Тийм болохоор ийм сэдвээр шоу хийх нь зөв үү гэдэг эргэлзээ байсан. Тэгээд өнөө жил хийе гэж зориглоод хийж байна.
2017 оны судалгаагаар нийт бүсгүйчүүдийн 58.7 хувь нь илүүдэл жинтэй байгаа. Өнөөгийн нийгэмд таргалалттай хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь хүндрэлтэй байдаг. Шоуг зохион байгуулагчдын хувьд “Plus size” шоугаараа эдгээр бүсгүйчүүдийнхээ нийгэмд эзлэх байр суурийг эерэг тал руу хандуулах, “Туртлаа дэгжин, ганган байя" гэж уриалж байгаа.
Тарган бүсгүйчүүдийн хувьд “Турна” гэдэг ойлголт өдөр, шөнөгүй ой тойнд нь явж байдаг. Бид турах хүртлээ нийгмээс тусгаарлагдах ёстой юм уу, туртлаа “Бид тарган шүү” гэсэн сэтгэлзүйн дарамттай явах ёстой юм уу. Туртлаа бид юу өмсөх вэ гэдэг энэ асуулт бол бидний өмнө байнга тулгардаг асуудал.
Турах юмсан гэдэг сэдэв бол махлаг бүсгүйчүүдийн хувьд өдрийн бодол, шөнийн зүүд гэх үү дээ. Тэгвэл туртлаа яагаад өөртөө итгэлтэй байж болохгүй юм бэ. Яаж гоё харагдаж болох вэ, нийгэм дэх байр сууриндаа яаж нөлөөлөх вэ. Махлаг бүсгүйчүүдийг гудамжаар явж байхад бусдын харах өнцөг нь өөр. “Яасан тарган юм”, “Нэг л их өвчний үүр, тураач тураач” гэдэг мессежийг байнга өгдөг. Энэ бол дарамт.
Манай шоу энэ хандлагыг арай зөөллөж, зөв тал руу нь чиглүүлэх зорилготой юм. Ийм шоуг зохион байгуулаад ирэхээр гэр бүлүүдийн уур амьсгалд сайн өөрчлөлтүүд гарч эхэлж байна. Гэр бүлүүд, махлаг бүсгүйчүүд биднээс урам зориг авч, “Нээрэн ингээд гоё хувцаслаж болох нь”, “Яагаад бид ингээд дуу хоолойгоо илэрхийлээд явж болохгүй гэж” сэргэж байна. Тэртэй тэргүй бид турна гэсэн мессеж толгойд минь бий.
Таргалалтын шалтгааны 80 хувь нь стрессээс үүдэлтэй байгаа нь тогтоогдчихсон. Бид мяраалаг бүсгүйчүүдийнхээ стрессийг нэн тэргүүнд бууруулаад өөртөө итгэх итгэлийг нь төрүүлээд өгчихвөл хүссэн жиндээ хүрэхэд ойрхон л доо.
-Та энэ шоунд оролцох шийдвэрийг хэзээ гаргасан бэ. Бусдын нүдэнд ил гарч, өөрийгөө байгаагаараа илэрхийлнэ гэдэг сайхан боломж шүү?
Д.Алтансолонго: -Дэлхийн улс орнуудад алдартай plus моделиуд зөндөө байна. Тэднийг харахад бидэнтэй адилхан. Өөртөө итгэлтэй байдал нь тэдний давуу тал болж байдаг.
 “Монголд “Plus show" зохиогдвол бүртгүүлэх юм шүү” гэдэг бодол байдаг байсан.
Бид яагаад өөртөө итгэлгүй байх ёстой юм, яагаад нийгмээс тусгаарлагддаг юм. Биднийг нийгэмших боломжийг яагаад олгож өгөхгүй байгаа юм бэ гэдэг асуудал дээр өөртэйгөө ижилхэн бүсгүйчүүдийнхээ дуу хоолой болохыг хүсдэг байсан.
Би ийм шоу болох гэж байгааг азаар олж уншаад Эрдэнэт хотоос зорьж ирээд оролцож байна. Анх бүртгүүлэхээр ирэхдээ өгөх зураг байхгүй байлаа. Тарган хүмүүст бүтэн гарсан байтугай, олигтой гарсан зураг байдаггүй юм байна. Ганц хоёр сельфи зурагтай л байдаг юм байна гэдгээ тэр үед анзаарсан. 
Надад бүтэн гэвэл хажуу тийшээ харсан нэг зураг, нөгөөх нь ой дунд сууж байгаа нэг зураг байсан. Тэр хоёрыгоо угаалгаад аваачиж өгч байлаа. “Mirror entertainment’’-ийн хамт олны маань хандлага нь “Хүүхнүүдээ дэмжинэ, болгоно, бүтнэ" гэсэн их эерэг харилцаатай сайхан байсан нь намайг тайвшруулж, өөртөө итгэх итгэлийг минь нэмсэн. 
Би нэг, хоёрдугаар шатны шалгаруулалтуудаа хэнд ч хэлээгүй юм. Хамгийн чухал нь би өөрөө өөртөө таалагдах. Тарган хүүхнүүд бусдын нөлөөнд их ордог. Бусдад таалагдах гэж их хичээдэг.
Бусдад таалагдахын тулд золиос гаргадаг, эм бэлдмэл, бодис хэрэглэдэг. Жингийн илүүдлийг аажим аажмаар хасах нь хамгийн зөв байдаг. Эрүүл аргаар жингээ хасах, ядаж л галбиртай тарган байх хэрэгтэй.
Манай шоуны “Туртлаа дэгжин байя” уриа бий. Бид яагаад өнгөлөг, тод хувцаслаж болдоггүй юм. Бид яагаад тод будалтуудыг хийж болдоггүй юм. Ийм шоу болох гэж байгааг манай нийгэм их цочир соргог хүлээж аваад байх шиг байна.
 
-Та бүхний шоуны үеэр авахуулж буй зураг, бичлэгүүдийг харахад маш үзэсгэлэнтэй, ганган дэгжин сайхан байна. Та нарыг хараад мяраалаг бүсгүйчүүд өөртөө итгэлтэй болж байгаа байх?
Д.Алтансолонго: -Манай нийгэм таргалалтыг тэр чигт нь идэш ууш, өвчин зовуурийн үүр уурхай гэж дүгнээд байдаг. Гэтэл өнөөдөр энэ Алтансолонго гэж бүсгүйн дотор юу болоод байгаа юм, ямар зорилготой юм, юуны төлөө яваад байгаа юм гэдгийг харах хэрэпгэй. Бидний амьдрал маш богинохон. Энэ богинохон амьдралд нэгнээ ийм тийм гэж цэгнээд, гоочилж байх цаг зав байхгүй.
Өдөр хоног өнгөрөх тусам хүний гоо сайхан, залуу дүр төрх хэвээр үлдэхгүй шүү дээ. Тийм учраас бид байгаа дүр төрхөө тодотгоё, байгаа бие галбираа бусдад харуулъя. Яагаад энэ маань давуу тал байж болохгүй гэж. Үүн дээр бүсгүйчүүд маань зоригтой байгаарай. Бидний шоуг ирж үзээрэй. Өөртөө итгэх илүү их итгэлийг олж аваасай гэж хүсэж байна.
-Мяраалаг хүмүүст өмсөх хувцаснаас эхлүүлээд ажилд ороход хүртэл тулгардаг бэрхшээл их шүү дээ. Танай шоуг үзэж буй мяраалаг бүсгүйчүүдэд “Бид цэцэгтэй бие барьсан даашинз өмсөж болох юм байна. Нүүрээ тод, уруулаа гоё өнгөөр будаж болох юм” гэсэн сэдэл төрж байна гэж харагдаад байгаа?
Д.Алтансолонго: -Энэ шоу бүсгүйчүүдэд хангалттай их урам зориг өгч байна. Миний хувьд хувцасны шүүгээ маань хар өнгийн хувцсаар дүүрэн байжээ. Гадуур, дотуур бүх хувцас минь хар.
Энэ шоунд бүртгүүлснээс хойш тод өнгийн хувцаснууд, сонгодог болоод байна. Дэлхийн алдартай плас моделуудыг харсаар байгаад урам зориг орсон байхгүй юу. Над шиг л бүсгүйчүүд байна лээ шүү дээ. Бид яс үндэс, угсаа гарлаараа л өөр юм билээ. Адилхан л эмэгтэй хүмүүс. Тийм юм чинь яагаад би тод хувцас өмсөж болохгүй гэж.
Яагаад байгаа байдлаа илүү тодотгож бусдын өмнө өнгөлөг харагдаж болохгүй гэж. Яагаад өндөр өсгийт өмсөж болохгүй гэж.
-Монголчууд “Өөртөө таарсан мах мяраатай бай, нүдэнд дулаахан байдаг. Нас насандаа таарсан таргатай бай. Тэнхээ тамиртай байдаг” гэж үздэг байсан ард түмэн. Гэтэл сүүлийн жилүүдэд Солонгос, Хятадын цуврал киноны жүжигчдийг харсаар байгаад тэр ойлголт нь эсрэгээр эргэчихээд байна уу гэж ажиглагддаг юм?
Б.Урантамир: -“Plus size” шоу бол тарган гэдгээ уриалаад, манлайлаад байгаа юм биш. Тэртэй тэргүй жингийн илүүдэлтэй хүн турах ёстой. Эрүүл мэндээ бодсон ч, урт удаан наслахын тулд зайлшгүй хийх ажил.
Турна гэсэн байнгын дарамттай байгаа хүмүүсТ бид нэмж дарамт болох ёсгүй. Монголын эрт дээр үеийн хатдын зураг хөрөг байдаг шүү дээ. Дандаа хөөрхөн мяраалаг хатад байсан байдаг. Хүмүүст цэгцтэй, цэвэрхэн, хөөрхөн харагдах ёстой л доо.
Манай шоуг үзсэн үзэгч ямар таашаалыг авч гарах вэ гэхээр нэгдүгээрт, махтай, мяраатай хүүхнүүд маань “Би сэтгэлээр унаж болохгүй юм байна шүү. Энэ бол цаг зуурын асуудал. Энэ цаг зуурын хугацаанд нурмайлгүй ганган дэгжин байх ёстой юм байна шүү.
Энэ бүсгүйчүүд ямар гоё урам зоригтой, өөртөө яасан их итгэлтэй юм бэ. Ямар гоё юм бэ” гэдэг сэтгэгдлийг олж авна. Манай шоуг үзчихээд гараад алхахдаа өөртөө итгэлтэй арай л өөр алхах болов уу. Заавал жингийн илүүдэлтэй хүмүүс ирж энэ шоуг үзээрэй гэж байгаа юм биш ээ. Монголын бүх хүн үзээсэй.
 
-Шоуны бүртгэл хэзээ боллоо?
Б.Урантамир: -Наймдугаар сараас эхэлсэн.
-Нийт хэдэн бүсгүй бүртгүүлэв?
Б.Урантамир: -Нийтдээ 120 бүсгүй бүртгүүлснээс эхний шатанд 70-ыг нь аваад хоёрдугаар шатанд 40 бүсгүйг үлдээсэн.
-Хот, хөдөө гэлтгүй ирэв үү?
Б.Урантамир: -Тэгсэн. 21 аймгаас ирсэн. Баян-Өлгий аймгаас ирж оролцож байгаа бүсгүй бий. Манай шоуны 40 оролцогч, 40-үүлээ өөр, 40 өөр зан араншинтай, 40 өөр мэргэжилтэй хүмүүс. Нэг зүйл дээр нэгдэж байгаа.
“Plus size” шоун дээр л зангилагдаж байгаа. Энэ бүсгүйчүүд маань маш дайчин, маш зоригтой эмэгтэйчүүд. Би бүгдэд нь баярладаг. Энэ бол маш том зориг. Манай оролцогчдыг аймаг аймгаас нь их дэмжиж байгаа.
Манай шоу тэмцээн биш. Бид махлаг бүсгүйчүүдээ тайзан дээр гаргачихаад “Энэ нь модел, энэ нь модел биш” гэж ялгахгүй. Тэгж шалгаруулах боломж байхгүй. Турна, турах хүртлээ ийм гоё шоунд оролцоод байж байя гэсэн хүмүүсийг чинь бид яаж өрсөлдүүлэх юм бэ. Хооронд нь өрсөлдүүлж, чи модель, чи модел биш гэж нэмж дарамтад оруулах шаардлагагүй л дээ. Өнөөдрийн нийгэмд зүгээр л эерэг хандлага төрүүлэх.
Сошиалд яваад байгаа зарим нэг сөрөг сэтгэгдлүүдэд хариулт өгье. Бид таргалалтыг өөгшүүлээд “Тарган байцгаая. Тарган байх гоё шүү дээ” гэж байгаа юм биш шүү. Бид нийгэмд таргалалтаас болж үүсэж байгаа стрессүүдийг бууруулах, нийгэм дэх хандлагыг эерүүлэх, эргээд мяраалаг бүсгүйчүүдийнхээ ганган дэгжин, хээнцэр байдлыг харуулах зорилготой. Манай шоуны дараа мяраалаг бүсгүйчүүд ямар гоё хувцаслаад өөртөө итгэлтэй алхахыг хараарай.
Д.Алтансолонго: -Стрессгүй байх нь турахад дөхөм болдог. Аливаа юм сайн, муу хосолж байж явдаг. Муу, сөрөг зүйлгүйгээрээ урагшилна гэж байхгүй л дээ. Тиймээс сөрөг сэтгэгдэл бичиж байгаа хүмүүстээ баярлалаа.
Хатуу үг хэлж байгаа та бүхний хүчээр бид улам их зориг орж, хүчтэй болж байгаа. Сөрөг сэтгэгдэл бичиж байна аа гэдэг чинь бидний шоунд хандаж байна аа л гэсэн үг.
Монголын бүсгүйчүүдийн дунд таргалалт байна. Бүсгүйчүүдээ турах хүртэл нь дэмжицгээе. Сэтгэлзүйн хувьд стрессгүй байлгахын төлөө хичээх хэрэгтэй. Нийгмийн зүгээс битгий сөрөг хандаач ээ. Тарган хүүхэн яваа л биз, хөвсгөр хүүхэн яваа л биз. Түүнийг заавал эвэртэй туулай үзсэн юм шиг хандах шаардлага юу байна вэ. Ажил олгогчид ч ялгаагүй. Зарим ажил олгогч “Чи өөрийнхөө гадаад үзэмжийг янзалж чадаагүй байж энэ байгууллагын ажлыг явуулна гэдэг юу л бол доо” гэдэг. Ингэж ханддаг хүний нөөцийн албаны хүмүүс бий.
Бид шоундаа бэлдээд бүжиг, иог хийж, тайзны алхаа гишгээгээ давтаад завгүй байгаа. Өдөр болгон лайв хийж үзэгчидтэйгээ уулзаж байгаа.
-"Plus size fashion show Mongolia 2019” гэхээр 2020, 2021 онд уламжлал болгох зохиогдох нь ээ?
Б.Урантамир: -Уламжлал болж зохиогдох шоу. Үндэсний хэмжээний шоутай болно гэсэн үг.
-Энэ шоунд оролцсоноос хойш буюу наймдугаар сараас хойш ямар эерэг өөрчлөлт танд гараад байна вэ?
Д.Алтансолонго: -Хувцас худалдаж авахаар боллоо гэхэд таалагдсан хувцасныхаа үнийг асуухаас гадна хэмжээг нь асуудаг. “Надад таарах хэмжээ байгаа болов уу” гэж худалдагчийн аманд багтаж асуудаг. Магадгүй би худалдагчид таалагдвал надад “Размер байгаа” гэж хэлнэ. Таалагдахгүй бол “Байхгүй” гэдэг. Манай оролцогчид “Би ер нь их эмэгтэйлэг болоод байна.
Урьд нь дандаа хэлхгэр, бараан өнгийн хувцас сонгодог байсан байжээ. Уруулаа буддаггүй, үсээ нэгэн хэвийн байлгадаг байжээ” гэж байна. Одоо бид аливаа юмыг сонгохдоо эмэгтэйлгийг нь илүү сонгож байна. Дэлгүүрт орохоороо тод, гоё өнгийн хувцаснуудыг сонирхож байна.
Будалт, ээмэг, зүүлт, үсний будагны сонголтдоо анхаарч, дотуур хувцсандаа хүртэл ач холбогдол өгцгөөдөг боллоо. Урьд нь “Яах вэ дээ, хамгийн томыг нь авъя даа” гэдэг байсан бол одоо гэгээлэг, биед эвтэйхэн хувцас сонгоё гэдэг болсон шүү.
Нийт оролцогчдын хувьд шоуг зохион байгуулж байгаа хүмүүстээ маш их талархаж байгаа. Өчнөөн олон ивээн тэтгэгч байгууллагууд биднийг дэмжиж байна. Бид бүгд нийлээд нийгэмд эерэг хандлага төрүүлье л гэж байгаа юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ