Дархан арьс ширний цогцолборын төслийн явцтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.29/ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хонгор сумын нутагт баригдаж буй Дархан арьс ширний цогцолборын төслийн ажлын явцтай танилцлаа.
Жилд 10 сая тонн арьс, шир, 11 мянган тонн ноос, нэг мянган тонн ноолуур боловсруулах үндэсний хэмжээний үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм.
Төслийн ерөнхий төлөвлөгөөг Испани улсын “ИПАП инженеринг” компани хийж, төслийн инженер геологийн судалгаа, арьс ширний үйлдвэр, дэд бүтцийн байгууламжийн ажлын зургууд хийгдсэн байна.
Улмаар өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд арьс, шир боловсруулах үйлдвэрүүдээс гадна бохир ус цэвэрлэх байгууламж, цахилгаан түгээх, хангах дэд станц, инженерийн шугам сүлжээ, уурын станцын дэд бүтцийн ажлууд хийгдэж байна.
Цогцолборын бохир ус цэвэрлэх байгууламжийг барихдаа европын шалгарсан технологийг нэвтрүүлж, ажлыг монгол инженерүүд гардан хийж байгаа тухай төслийн баг онцолж байв. Улмаар тус байгууламжаас гарсан усыг Дархан хотод үйл ажиллагаа явуулж байгаа төмрийн болон бусад үйлдвэрт дахин ашиглах боломжтой учраас эдийн засаг болон экологийн өндөр үр өгөөжтэй гэлээ.
Төслийн хүрээнд цахилгаан, дулааны дэд бүтцийн асуудлууд шийдэгдэж буй учраас Дархан хотын орхигдоод байсан үйлдвэрийн обьектуудыг сэргээх, мөн аж үйлдвэрийн бүс өргөжин тэлэх боломж нээгдэж байна.
Мөн нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, ажилчдын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаас эхний ээлжинд 918 айлын орон сууц барих 7 га газрын зөвшөөрлийг авсан байна.
Улмаар Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын хөтөлбөрт хөдөө аж ахуйн ангийг нэмэх чиглэлд холбогдох байгууллагууд ажиллаж байгаа юм.
Төслийн баг нь цогцолборын борлуулалтыг гадаадын зах зээлд хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд Испани улсын урт хугацааны хамтрагч компанид эхний ээлжинд 600 мянган ширхэг бог малын боловсруулсан арьс, шир нийлүүлэх туршилтын гэрээ хийжээ.
Дархан арьс ширний цогцолбор төслийн хүрээнд дотоодын арьс, ширний компаниудыг Испани болон бусад орнуудын арьс ширний компаниудтай хамтарсан олон улсын аж үйлдвэрийн парк болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.