Нүүрс тээврийн жолооч нар тэмцлээ зогсоож, ажилдаа орлоо

НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР ТЭМЦЛЭЭ ЗОГСООЖ, АЖИЛДАА ОРЛООМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу УУХҮЯ, ЗТХЯ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК, "Гашуунсухайт авто зам"  ХХК-ийн удирдлагууд өнөөдөр /2020.08.28/ тэмцэл хийж буй тээвэрчидтэй уулзаж, тодорхой шийдвэрүүд гаргаснаар жолооч нар тэмцлээ зогсоон, хаасан замаа чөлөөллөө. 
Ингэснээр “Ногоон гарц” түр журмаар эрчимтэй явж байгаа нүүрсний экспорт тасалдах эрсдэлгүй болов. 
 
Нүүрс тээврийн жолооч нар  Засгийн газар болон холбогдох яамд, нүүрсний компаниудад  -80 тарифтай ачилтыг зогсоох, Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 тоот жишиг тариф батлах тушаалаар батлагдсан тээврийн норм тарифыг мөрдөх талаарх заалтыг худалдан авагч талтай байгуулах гэрээнд тусгаж мөрдүүлэх заалт оруулах, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилох, С зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүдийг уртын тээвэрт шилжин орохыг хориглох, тээврийн хариуцлагын гэрээ байгуулах үйл явцыг ил тод нээлттэй болгож мөрдөн ажиллах, 80+ буюу тээврийн жишиг тарифыг мөрдүүлэх талаар гаргасан худалдан авагч компаниудад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иас мэдэгдэл хүргүүлэх, 80+ тээврийн жишиг тариф мөрдүүлэх ажлыг зохион байгуулах түр зөвлөлийг байгуулах, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа хөтөч зууч гэх нэртэй бүлэг хүмүүсийн үйл ажиллагааг зогсоох  гэсэн шаардлагуудыг тавиад байсан юм.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд нүүрс олборлож, борлуулдаг компани. Тус компаниас нүүрс авсан компаниуд тээвэрлэлтээ өөрсдөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл, ямар үнээр, ямар компаниар тээвэрлүүлэх нь тухайн худалдан авагчийн асуудал байдаг. Гэвч Монголын тээврийн компаниудын, иргэд жолооч нарын эрх ашиг хохирсон асуудал гарах болсон учраас компани анхаарал тавин, тодорхой арга хэмжээ авсан байна. 
 
Уулзалт хэлэлцээрийн үр дүнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иуд жишиг тарифыг мөрдүүлэх, үүнийг хэрэгжүүлэхэд хяналт тавих ажлыг Тээвэрчдийн хяналтын түр зөвлөл хариуцан ажиллахаар болов. Энэ зөвлөлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон Баянзам тээвэрчдийн холбоо, тээврийн жолооч нарын гэргий нарын холбоо зэрэг ТББ-ын төлөөлөл оролцон ажиллах юм. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 тоот тушаалаар батлагдсан тээврийн жишиг норм тарифыг хэрэгжүүлэх талаар нүүрс олборлогч компаниуд худалдан авагч талуудтайгаа ярилцан тохиролцжээ. 
 
Түүнчлэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний дотор томилох, С зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүдийн уртын тээвэрт шилжиж орохыг хориглох шийдвэрийг ойрын үед гаргах шаардлагыг тээвэрчид тавилаа. Тэд энэхүү шаардлагуудыг биелүүлэхгүй бол дахин тэмцэлд нэгдэхээ илэрхийллээ. 
 
Тээврийн жишиг тарифыг мөрдөхөөр зөвшөөрсөн компаниудын ачилт өнөөдрөөс буюу наймдугаар сарын 28-ны өдрөөс хийгдэж, нүүрс тээвэр хэвийн горимд шилжлээ. 

скачать dle 12.0

Холбоотой мэдээ