Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд л тэмдэглэнэ
"Ковид-19" цар тахлын халдварын эрсдэл өндөр байгаа учир шинэ жилийн баярын нэгдсэн арга хэмжээ зохиохгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Иргэдийн эрүүл мэнд, амь нас чухал учир эрсдэлийг тооцож үзэн ийм шийдвэр гаргасан байна. Шинэ жилийн үеэр үйлчилгээний салбарынхан хэвийн горимоор ажиллах юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 12 дугаар сарын 18-наас 2021 оны 02 дугаар сарын 01 хүртэл амарна. Нөхцөл байдал хүндэрвэл цахимаар хичээллэх бэлтгэлээ хангасан. Гэхдээ аль болох танхимаар хичээллэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажилласан талаар сайд Г.Ёндон танилцуулав. Үүнтэй холбогдуулан:
- Салбарын хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах
- Үндэсний геологийн албаны харьяанд Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг ажиллуулах
- Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулах, сонгон шалгаруулалт зарлах боломжийг судлах
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болох
- Өмнийн говийн бүсэд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтад шаардагдах усны хэрэгцээг гадаргын усны төсөл хэрэгжих хүртэл газрын доорх усаар хангах
- Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг чанар, стандарттай уялдуулан ялгавартай тогтоох, зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа.
Товч мэдээ- Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд сумын нутаг дэвсгэрийг дамнан баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км төмөр замын зурвас газар болох 5802 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа.
- Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тооцон олгож байсныг 30 хувь болгож нэмэв.
- Алслагдсан аймаг, сумын онцгой байдлын байгууллагад томилогдон ажиллах алба хаагчид албан тушаалын үндсэн цалингийн 50 хувиар тооцож таван жилийн хугацаанд улирал бүр нэмэгдэл олгож байх журмыг батлав. Өөр аймаг, суманд томилогдон ажиллаж байгаа 860 гаруй алба хаагчийн 10 хувь нь айлын хажуу өрөөнд, 35 хувь нь түрээсийн орон сууц, 50 хувь нь түрээсийн хашаа байшинд, таван хувь нь байгууллагын орон сууцанд амьдарч байна. Алба хаагчдын 81 хувь нь цалингийн зээлтэй, гэр бүлийн гишүүдийн 74 хувь нь ажилгүй гэсэн судалгаа гарчээ.
- Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин, 50-69 хувь бол 60 дахин, 70-аас дээш бол 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэг удаагийн нөхөн олговор олгоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.