Д.БАТЖАРГАЛ: Махны чанар, аюулгүй байдалд нөлөөлөх зөрчил гарч байна

 
МХЕГ-ын Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргалаас махны урсгал, борлуулалтын хөдөлгөөн, хангамжийн байдалд хийж буй хяналт, тандалтын явцын талаар тодрууллаа.  
 -Орон нутгаас нийслэл хот руу нийлүүлж буй махны урсгал, хангамж зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Энэ ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ, ЦЕГ, ШӨХТГ хамтран “Хүчит шонхор“ болон нийслэлийн мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулах зах, худалдааны төвүүдэд  хяналт тандалт хийн ажиллаж байна. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ. Энэ хамтарсан хяналт, шалгалтын ажлын гол зорилго нь иргэдийг гарал үүсэл нь тодорхой, мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр хангах, махны хэрэгцээг тасалдуулахгүй байх, хүнсний хомсдол болон үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх. Мөн орон нутагт бэлтгэж байгаа болон мал төхөөрөх үйлдвэрүүдийн нөөцийн махны тоо хэмжээ, мэдээллийг нэгтгэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний бодлогын асуудлыг гаргаж тавихад чиглэгдэж байгаа юм.
-Өдөрт дунджаар хэчнээн тонн мах нийлүүлэгдэж байна вэ?
-Энэ сарын 11-22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 3398 тн мах дотоодын хэрэгцээнд, 231 тн мах нөөцөд, 767 тн мах экспортын зориулалтаар нийлүүлэгдэж, нядалгааны зориулалтаар 22920 толгой мал нийслэлд орж ирсэн байна. Энэ нь хоногт дунджаар 375 тн мах нийслэлийн хүн амын хэрэгцээнд нийлүүлэгдэж байна гэсэн үг. Махны төрлөөр нь авч үзвэл  ямааны мах түлхүү буюу 149.3, адууны мах 22.3, үхрийн мах 101.8, хонины мах 101.9 тн  байна. Ийм байдлаар мах нийлүүлэгдээд байвал махны хомсдол үүсэхгүй гэж харж байна.
-Мал, мах ихэвчлэн аль аймгаас ирж буйд тандалт хийгдсэн үү?
-Хяналт тандалтын эхний өдөр зөвхөн “Хүчит шонхор” захад  гэхэд мах, тэдгээрийн гаралтай дайвар бүтээгдэхүүн тээвэрлэсэн 65 тээврийн хэрэгслээр нийт 92 тн мах, 6тн дайвар бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаад хяналт тавьж ажиллалаа. Нийлүүлэгдэж буй махны дийлэнх хувь нь хонь, үхрийнх байсан. Мах нийлүүлэлтийг мал эмнэлгийн цахим системээр нэвтэрч, мал эмнэлгийн гэрчилгээ олгосон газраар тулган шалгахад нийт махны 92 хувь нь Дорнод, Хэнтий, Булган, Завхан, Архангай аймгаас ирсэн дүнтэй байна.
 -Хэдийгээр хяналт, тандалтын ажил эхэлж байгаа ч түгээмэл гарч байгаа ямар зөрчил байна?
-Махыг сэврээж, загсаалгүй нойтноор нь тээвэрлэх зөрчил их байна. Нойтон махыг их хэмжээгээр давхарлаж ачихаар нялцамхай байдал бий болж, улмаар амархан бохирлогдох нөхцөл үүсдэг. Өөрөөр хэлбэл махны чанар, аюулгүй байдалд нөлөөлдөг. Мөн махыг задгайгаар тээвэрлэх асуудал гарч байна.
Зориулалтын тээврийн хэрэгсэл байхгүй тохиолдолд махыг сайн загсаагаад, дэвсгэр дэвсэн, орчны  болон тээвэрлэлтийн явцад тоос шороо болон бусад механик бохирдлоос хамгаалж гадуур нь хулдаж ачих ёстой.
Мөн тоо хэмжээ нь зөрөх  зөрчил хамгийн түгээмэл байна. Тухайлбал 3.0 тн мах ачсан хэрнээ 1.5-2.0 тн  махны гэрчилээ авсан байх зөрчил  хамгийн их байлаа. Түүнчлэн захын гадуур айлын хашаа, дэлгүүр, шатахуун түгээх газрын орчим гэх мэтээр зориулалтын бус газар мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, мах худалдаалах зөрчил дутагдал гарч байна.
-Цаашид хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгахын тулд ямар арга хэмжээ авбал зохих вэ?
-Сүүлийн 3-5 хоногийн байдлаар нийлүүлэлт нэмэгдэж байгаа тул хомсдол үүсэхээргүй түвшинд байна. Иргэдийн өвлийн идшээ бэлтгэх  цаг үе таарч байгаа тул махны нийлүүлэлт, мах бэлтгэх менежемент зохион байгуулалтыг зөв зохион байгуулвал хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх  боломжтой гэж харж байна. АТШБТовчоонд ажиллаж байгаа мал эмнэлгийн улсын байцаагчдад  мал, мах нийлүүлэгчид мал эмнэлгийн гэрчилгээг цахим системд бүртгүүлж, баталгаажуулсан эсэхийг нягтлахын зэрэгцээ цар тахлын үед тавигдаж буй эрүүл ахуй, хорио цээрийн шаардлагад нийцүүлж ажиллах, иргэд аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл үүсгэхгүй байх үүрэг чиглэлийг өгч ажиллаж байна.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ