Туслах малчдыг чадавхжуулах төсөл үргэлжилж байна
-Хэрэгжиж буй төслийн явцын тайлан-
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Европын Холбооны хооронд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд төслийн үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сараас албан ёсоор эхлүүлээд байна. Төслийг Европын Холбоо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ХЭҮК)-оос санхүүжүүлж, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (ТББ)-той хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь”төслийн баг 2020 оны 11 дүгээр сарын 05-19-ний өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир, Эрдэнэмандал, Хайрхан сумдад томилолтоор ажиллав.
Томилолтын үеэр МЭХ-ны орон нутгийн ажилтнуудад зориулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтад 36 ажилтан оролцож сертификат гардан авлаа. Мөн 7 сэдвийн хүрээнд тусгайлан боловсруулсан хүний эрхийн сургагч багшийн гарын авлагыг бүх оролцогсод төдийгүй улсын хэмжээнд 360 суман дахь Монголын Эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлд тараахаар боллоо.
Архангай аймгийн Ихтамир, Эрдэнэмандал, Хайрхан сумдын 30 гаруй туслах малчин, үндсэн болон энгийн малчид, иргэд, орон нутаг дахь зарим ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, туслах малчны хөдөлмөр эрхлэлт, орчин нөхцөл, цалин урамшуулал, гэрээний талаар асууж тодруулан, санал бодлоо солилцохын зэрэгцээ төслийн зорилго, үйл ажиллагаа болон гэрээт малчны 3 талт гэрээний төслийг танилцуулах, зөвлөгөө өгөх зэрэг ажлыг зохион байгуулав. Туслах малчдын өөрөө өөртөө туслах бүлгийг байгуулж, бүлгийн ахлагч нарыг өөрсөдтэй нь зөвшилцөж томилон, эмнэлгийн анхан шатны тусламжийн иж бүрдэл гардуулав.
Архангай аймгийн Ихтамир, Эрдэнэмандал, Хайрхан сумдын “Дэмжих бүлэг”-ийн гишүүдтэй уулзаж, туслах малчдын талаарх мэдээллийн сангийн бүрдүүлэлт, судалгааны явц болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцаж, гаргасан саналыг нэгтгэн 2021 оны төслийн төлөвлөгөөнд тусгахаар боллоо. Төсөл Архангай аймгийн Ихтамир, Эрдэнэмандал, Хайрхан, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Богд, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батноров, Галшир сумдад хэрэгжиж байна.
Төслийн баг хатуу хөл хорионы өмнө сургалт, мэдээлэл, нөлөөллийн үйл ажиллагаагаа амжилттай өндөрлөхийн зэрэгцээ УОК-оос гаргасан хорио цээрийн үед баримтлах журам, дэглэм, Европын Холбооны заавар, зөвлөмжийг чанд баримталж ажиллалаа.