Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр боллоо.
Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй төлбөрийг төр даана
Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой журмыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өглөө. Хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн 12 дугаар сард 40 мянган төгрөг төлж байсан хэрэглэгчийн төлбөр энэ удаа 50 мянган төгрөг гарвал 10 мянган төгрөгөө өөрөө төлнө гэсэн үг юм. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэн тухай сайд Н.Тавинбэх хэлэв. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар, шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгджээ. Ачаалал урьдчилан тооцоолж байснаас өндөр, ялангуяа 17.00-21.00 цагт гэр хороололд 94 хувь, орон сууцанд зургаан хувиар өссөн учир аж ахуйн нэгжүүд дээрх цагт хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрх цахилгаан халаагуур ашиглахгүй байх үүрэгтэй юм. Хэрэглэгчид стандартын шаардлага болон галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах ёстойг журамд заасан байна.