Монгол, кубын дипломат харилцааны 60 жилд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болов

 
2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад харилцааны яаманд Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан шуудангийн марк танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулагдав. Тус арга хэмжээнд Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррияа, Гадаад хэргийн дэд сайд Анаяанси Родригес, Элчин сайд Ш.Батцэцэг, Кубын Үндэсний Ассамблейн гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Мариа Ёланда Гомес болон БНХАУ, ОХУ, Турк, Чили, Лаос, Коста-Рика, Никарагуа улсаас тус улсад суугаа Элчин сайд нар хүндэт зочноор оролцов.
Гадаад хэргийн дэд сайд Анаяанси Родригес арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Куба нь Монгол Улстай явуулж буй хоёр талын харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч ирсэн бөгөөд хоёр талын дээд, өндөр түвшний түүхэн айлчлалуудыг онцлон тэмдэглэхийн сацуу хоёр талын хамтын ажиллагаа эрүүл мэнд, биотехнологи, спорт, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт идэвхжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Ш.Батцэцэг нэгэн жарны баялаг түүхийг бүтээлцсэн хоёр орны ард түмэн, дипломатуудын хичээл зүтгэлийг үнэлж баршгүй бөгөөд хамтын амжилт бүтээлээр нэгэн жарныг үдэж, дараагийн жарны түүхийг хамтран бүтээлцэхээр зогсож байна хэмээгээд хоёр орны харилцааг улам тэлсэн бодитой ажлуудыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаагаа дурдаж, Кубын ард түмэнд дипломат харилцааны 60 жилийн ойн мэндийг хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөв.
Арга хэмжээний төгсгөлд Гадаад хэргийн сайд Бруно Родригес, Элчин сайд Ш.Батцэцэг нар 60 жилийн ойд зориулсан шуудангийн марк бүхий дугтуйнд гарын үсэг зурж, Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Банкнаас 2018 онд гаргасан Дэлхийн хувьсгалчдын цувралын нэг болох 999-ын алтан сорьцтой Фидель Кастро болон Че Гевара нарын зоосон мөнгөний хуулбар зургийг гардуулав.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ