Засвар угсралтын цехийн ажлын байрны орчин нөхцөл сайжирчээ
Эрдэнэт үйлдвэрийн Засвар угсралтын цех 2020 онд 9 тэрбум 677 сая төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэхээр төлөвлөн, урьдчилсан байдлаар, төлөвлөгөөт үзүүлэлтээ 105-106 хувиар биелүүлсэн дүнтэй байна. “2020 он цехийн хамт олны хувьд өндөр бүтээмжтэй, амжилт дүүрэн жил байлаа. Бид үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтад оролцохын зэрэгцээ ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх том алхам хийсэн” гэж Засвар угсралтын цехийн дарга Х.Баяраа онцлов.
Энэ онд Засвар угсралтын цехийнхэн Засвар механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөлийн угсралт, Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсэгт хийн үлээгүүрийн машины угсралт, суурилуулалтын ажилд хамтран оролцсон байна. Мөн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт нэгдүгээр тээрэм солих, Шүүн хатаах хэсэгт гуравдугаар өтгөрүүлэгчийн их засвар, Урвалжийн хэсэгт гуравдугаар тээрэм солих, Бутлан тээвэрлэх хэсэгт МП-800 бутлуур болон дагалдах эд анги сольж угсрах, Засвар механикийн заводад 25 тоннын гүүрэн кран суурилуулах, Шахмал түлшний үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийн угсралт зэрэг олон ажлын засвар үйлчилгээг хийж гүйцэтгэжээ.
Түүнчлэн цехийн ажилллагсдын ажиллах тав тухтай орчин нөхцөл, аюулгүй байдлыг хангахад ахиц гаргасан байна. Тухайлбал, 202 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай барилгын ажил төлөвлөж, 100 хувь хийж гүйцэтгэжээ. Ингэснээр засварын ажилчдын зөөврийн болон байнгын ажлын байрны тохижилт сайжирсан байна. Мөн цар тахлын улмаас танхимын сургалтууд хойшилсон ч “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран ажлын байрны цахим сургалтыг зохион байгуулж, 23 ажилтны мэргэжлийн зэргийг ахиулсан нь нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ажил болсон байна.