Онцгой байдлын байгууллагын 2020 оны онцлох үйл явдлууд

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
Дэлхий дахинд шинээр болон сэргэж байгаа байгаа халдварт өвчин, цар тахлын аюулын эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх удирдлага, зохион байгуулалт, салбар дундын харилцан ажиллагааг сайжруулах, алба хаагчдын  нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн чуулганаар батлууллаа. Хууль батлагдсанаар 2021 оноос эхлэн Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь болж, алслагдсан аймаг, сум, суурин газарт томилогдон ажиллах байгаа алба хаагчид улирал тутам үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл, албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор боллоо.  
Хүч хэрэгсэл, чадавхиа нэмэгдүүлэв
 Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Монгол Улсад агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Засгийн газрын тогтоолоор  нисэгч, инженер, техникийн ажилтнууд,  агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах багийг Монгол Улсад бэлтгэж, нисэх ажиллагааг зохион байгуулах, засвар үйлчилгээг иж бүрнээр хийх чадвартай үндэсний боловсон хүчин бүхий нисэх нэгжийг байгуулав. 
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 15,4 сая еврогийн өртөг бүхий 14 төрлийн нийт 71 автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлж, 2020 онд 9 төрлийн 56 автомашиныг хүлээн авч, орон нутаг хуваарилснаар  техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал 55,2 хувьд хүрлээ.
  Мөн Монгол Улсын  Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд  хэрэгжүүлсэн “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд II шатлалын 6.5 сая еврогийн өртөгтэй хээрийн хөдөлгөөнт эмнэлгийг хүлээн авлаа. Тус хээрийн эмнэлэг нь  нэг дор 65-100 хүн хүлээн хүчин чадалтай, эрэмбэлэн ангилалт, дүрс оношлогоо, лаборатори, мэс засал, эмийн сан, цусны нөөцлүүр, дотрын тасаг, эрчимт эмчилгээ гэсэн хэсгүүдтэй цогц хөдөлгөөнт байгууламж юм.
Тусгай хувцас, хэрэгслийн туршилт-үйлдвэрлэлийн төвийг байгуулав
 Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 81 дүгээр зарлигийн дагуу 56 нэр төрлийн дүрэмт хувцас хэрэглэл, Шадар сайдын 2011 оны 62 дугаар тушаалаар аврах ажиллагааны 28 нэр төрлийн иж бүрэн хувцас хэрэгсэл хэрэглэхээр батлагдсан. Иймд бусад төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын жишигт нийцүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд алба хаагчийн дүрэмт болон тусгай зориулалтыг хувцас, хэрэглэл үйлдвэрлэх, цэвэрлэх, ариутгах, туршин шалгах чиг үүрэг бүхий “Онцгой“ тусгай хувцас, хэрэгслийн туршилт-үйлдвэрлэлийн төвийг Засгийн газрын тогтоолоор байгууллаа.
Мөн  Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сургалт, дадлага, тэмцээн уралдаан зохион байгуулах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор олон улсын стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбай, спорт заал, гүйлтийн замтай “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ыг  2020 онд байгууллаа.
Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа олон улсын стандартуудыг нэвтрүүллээ
Гамшгаас хамгаалах хууль тогтоомж,төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг, хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын байгууллагаас 2020 онд “Алба хаагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, тогтвортой ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх”, “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт инновацийг нэвтрүүлэх” гэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллалаа. Дээрх зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагын хэмжээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн  ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Олон улсын чанарын нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн гүйцэтгэлийг сайжруулах, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй нийлүүлэх, төлөвлөсөн үр дүнд хүрэхэд нөлөөлж буй эрсдэлийг тодорхойлж, эрсдэлд суурилсан үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэх, байгууллагын нөөц, боломжийг бүрэн дүүрэн ашиглах нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Онцгой байдлын байгууллага нь төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага боллоо. Мөн Монгол Улсын шинжлэх ухааны хүрээлэнгүүдээс анхны олон улсын стандарт нэвтрүүлсэн Гамшиг судлалын хүрээлэнгийн “Улсын нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох арга зам” судалгаа нь 2020 оны Шилдэг бүтээлээр шалгарлаа.
2234 хүний амь нас, 114,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав
Монгол Улсын хэмжээнд 2020 онд нийт 4894 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2234 хүний амь нас,төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 114.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. 
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 302 буюу 15.6 хувиар, эд хөрөнгө 51.2 тэрбум төгрөг буюу 80.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тухайлбал, гал түймрийн дуудлага мэдээллийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зөвхөн нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд дуудлага өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36,7 хувиар буурлаа.
Түүнчлэн Улсын их дэлгүүртгарсангал түймрийн голомтод Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 8 ангийн нийт 230 гаруй алба хаагч, 27 автомашинтайгаар 4 цаг 40 минутын хугацаатай ажиллажтүймрийг бүрэн унтраасан юм.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт
2020 онд улсын төсвийн 13,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилгын ажлыг эхлүүллээ. Шинэ байр нь бүрэн цутгамал төмөр бетон, хийц бүхий зоорьтой, 7 давхар, 37690 м/куб олон улсын стандартад нийцсэн байх бөгөөд үндсэн болон туслах албаны 12 автомашины граж, амрах байр, өрөө тасалгаа, танхим зэрэг төлөвлөгдсөн байна. Мөн олон улсын стандартад нийцсэн орчин үеийн шийдэл бүхий 500 хүний багтаамжтай хурлын танхим, 150 хүн хооллох танхим, 170 гаруй өрөө тасалгаатай байх юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд зарлан мэдээлэх нэгдсэн төв байрлаж, төвийн болон бусад албадтай холбогдон шуурхай байдал хангаж ажилладаг байхаар төлөвлөжээ. Уг барилгыг 2021 оны 11 сард бүрэн ашиглалтад оруулна.
Мөн улсын төсвийн 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Баруунтуруун суманд баригдсан Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн барилга угсралтын ажлыг дуусгаж, хүлээн авч, ашиглалтад оруулсан.
Гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай орны тоог нэмэгдүүллээ
Монгол Улс олон улсад авсан үүрэг амлалтаа хэрэгжүүлж, Гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн” үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дэлхийн зорилтоос 2020 онд хэрэгжилт нь дуусаж “Гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэгдүүлэх” зорилтыг 100 хувийн хэрэгжилттэй биелүүлсэн улсын нэг болсон. Ийнхүү  Гамшгийн эрсдэлийн эрх зүйн орчин бүрдсэнээр, 2020 онд Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний хувьд 126 аж ахуйн нэгж, байгууллагад, салбарын түвшинд авто болон төмөр замын үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг  улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлд гамшгийн төрөл тус бүрээр гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж дууслаа. Үүний үр дүнд эрсдэлийн  үнэлгээнд суурилсан, эрсдэлийн мэдрэмжтэй улс, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө хийх нөхцөл бодитой бүрдэж байна. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтэй  холбогдуулан Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”, Засгийн газрын 2018 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажиллах журам”-ыг шинэчлэн батлууллаа.  
“КОВИД-19”
2020 онд коронавируст халдвар /Ковид-19/ дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрч хүн төрөлхтөн хүнд сорилтыг даван туулж байна. Монгол Улсын хувьд ч цар тахал дэгдэх шинж тэмдэг илэрсэн цаг үеэс шуурхай арга хэмжээ авч, цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдээ хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Коронавируст халдварын /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөллөллийг бууруулах  зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-аар “Коронавируст халдварын /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг батлууллаа. Коронавируст халдвар, “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд  давхардсан тоогоор, шуурхай штабт  6189 алба хаагч, тусгаарлан саатуулах байранд 1449 алба хаагч, шалган нэвтрүүлэх байранд 6396 алба хаагч, эргүүл хяналтаар 12723 алба хаагч, 5487 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Мөн 111 удаагийн захиалгат нислэгээр 21,092 иргэн, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор6,637 иргэнийг буюу нийт 27,729 иргэнийг гадаад улс орнуудаас татан авах ажиллагааг зохион байгууллаа.      
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР    
скачать dle 12.0

Холбоотой мэдээ