Төв цэвэрлэхийн ӨМХИЙ ҮНЭР бүрэн дарагдлаа
Өвөлдөө утаа, зундаа өмхий үнэртдэг байсан энэ хоёр "ТОЛГОЙН ӨВЧИН” арилж эхэллээ. Агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч байгааг олон нийт сайшаан хэлж байна. Тэгвэл зундаа үнэртдэг Төв цэвэрлэх байгууламжаас ялгарах өмхий үнэр ирэх жил дахиж үнэртэхгүй.
Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 2024 он гэхэд шинэчилж дуусгахаар ажиллаж байгаа. Энэ хүрээнд одоогийн байгаа цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмж давхар ашиглах, 50-60 жил хуримтлагдсан хур лагийг үнэргүйжүүлэн, боловсруулах зэрэг шат дараатай арга хэмжээ авч Барилга, хот байгуулалтын яам анхаарч ажиллаж байгаа юм.
Олон жил хуримтлагдсан хур лаг, өдөр тутам гарч буй лаг, байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь лагаас өмхий үнэр ялгарч, ойр орчмын 5-15 км-ын радиуст үнэр тархдаг байлаа. Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талаар авах зарим арга хэмжээний хүрээнд олон төсөл, арга хэмжээ авсны үр дүнд лагаас ялгарах өмхий үнэр бүрэн дарагджээ.
Хуримтлагдсан 800 мянга орчим метр.куб лагийг японы технологийн дагуу хоёр жилийн хугацаанд усгүйжүүлж үнэргүйжүүлэн бордоо болгоод байна. Бордоог байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хог хаягдлыг дарж булшлахад ашиглах боломжтой. Үнэргүйжүүлэх, хөрс, бордоо болгох төслийн гүйцэтгэгчээр "Ховд Тул”, "Экотайхи” ХХК ажиллажээ.
Түүнчлэн Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутам гардаг түүхий лагийг ил задгай хатаадаг байсныг бүрэн зогсоож, усгүйжүүлэн лагийн хэмжээг 5-8 дахин бууруулж, үнэрийг багасгах усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байгаа юм. Ингэснээр хоногт 1000 куб.метр идэвхит лаг, 1500 куб.метр түүхий лагийг усгүйжүүлэх юм.Энэ мэт төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж ажилласны дүнд Улаанбаатар хотын ӨМХИЙ ҮНЭР бүрэн дарагдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийн үнэрийг бүрэн арилгах, халдваргүйжүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгаж, үүрэг болгосон. Энэ дагуу шуурхай ажиллаж Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар бодит ажил хэрэг болж, их хотын нэгэн асуудал бүрэн шийдэгдэв.