Япон, Өмнөд Солонгос, Хятадын тэргүүнүүд Умард Солонгосын асуудлаар өнөөдөр уулзана


Өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Японы ерөнхий сайд Абэ Шинзо нар Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй Бээжин хотноо тус тусдаа уулзах гэж байна.
Тэдний уулзалтын гол сэдэв Умард Солонгосын асуудал байх ажээ. Энэ уулзалтын дараа Мүүн, Абэ нар Хятадын өмнөд бүсийн Чэнду хотод Хятадын ерөнхий сайд Ли Кэчяньтай гурвалсан уулзалт хийх юм.
Тэд гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцах ч Умард Солонгосын асуудал мөн давамгайлах шинжтэй байна.
Сүүлийн үед Пёньяны дэглэмийн хандлага эрс өөрчлөгдөж байгаа нь хөршүүдийнх нь санааг зовоож байгаа юм.
Ким Жон Ун энэ оныг дуустал яриа хэлэлцээртээ ямар нэг буулт хийхийг АНУ-аас шаардаж байгаа. Харин Вашингтоны засаг захиргаа ямар нэг алхам хийхгүй байна.
Ажиглагчид өгсөн хугацаа дууссаны дараа Умард Солонгосыг алсын тусгалын далавчит пуужин туршиж магадгүй хэмээн болгоомжилж байгаа.
Солонгосын хойгийн асуудлыг хариуцсан АНУ-ын тусгай элч Стефэн Биган энэ долоо хоногт Бээжинд хоёр өдөр айлчлахдаа Хятадын дипломатчидтай уулзах юм.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос, Японы албаныхантай бас уулзжээ.
Биганы зорилго нь Умард Солонгостой дахин шинэ сөргөлдөөн үүсэхээс сэргийлэх явдал юм. 2020 онд Токиод зуны олимпийн наадам зохион байгуулагдах гэж байгаа. Энэ үйл явдалтай зэрэгцэн Умард Солонгосын дэглэм дайсагналаа эрчимжүүлбэл Япон улсын хувьд томоохон асуудал болох юм.
Ким Жон Ун өчигдөр буюу Ням гарагт зэвсэгт хүчнийхээ удирдлагуудтай уулзаж, улс орныхоо батлан хамгаалах чадварын талаар ярилцсан тухай Пёньяны төв хэвлэл мэдээлжээ.
 
Эх сурвалж: Reuters
 скачать dle 12.0

Холбоотой мэдээ