Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар үг хэлэв
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр болсон Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Гадаад хэргийн сайд нарын 17 дугаар уулзалтад оролцов.
Цахим хэлбэрээр болсон уулзалтад Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гишүүн 35 улсын Гадаад хэргийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар оролцон олон улсын харилцааны тулгамдсан асуудлууд болон цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, цаашид цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, халдварын эсрэг вакцинжуулалт болон цар тахлын дараах дэлхийн шинэ хэв маягт тохируулан хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд гишүүн орнуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Гадаад хэргийн сайд нарын энэ удаагийн уулзалт цар тахлаас шалтгаалан анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд уулзалтыг Бүгд Найрамдах Турк Улс даргалсан юм.