Өнөөдөр хавдартай тэмцэх дэлхийн өдөр
Одоогоос 21 жилийн өмнө буюу 2000 оны “Парисын тунхаг”-т уриалсны дагуу Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо (UICC) 2005 оноос дэлхийн хэмжээнд хорт хавдрын эсрэг үйл ажиллагааг санаачлан жил бүрийн 2 дугаар сарын 4-ний энэ өдрийг “Хавдартай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”-д “Халдварт бус өвчин (ХБӨ)-өөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувь, архины хортой хэрэглээ, хөдөлгөөний хомсдлыг 10 хувь, давс, тамхины хэрэглээг 30 хувь, цусны даралт ихсэлтийг 25 хувь,таргалалт, чихрийн шижингийн өсөлтийг тогтоон барих”-аар, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.2.2-ын 3 дахь зорилтод “2016-2020 онд хүн амын хорт дадал, зуршлыг бууруулж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүнсний бүтээгдэхүүнд чанар, стандартыг чанд мөрдүүлэх, 10000 хүн амд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 17.4, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 10.5 хүртэл бууруулах”-аар дэвшүүлсэн.
Хүн амын нас баралтын шалтгааны 85.9 хувийг ХБӨ эзэлж, үүний дотор 3 хүний нэг нь зүрх судасны тогтолцооны өвчин, 4 хүний нэг нь хавдар, 5 хүний нэг нь гэмтэл хордлого, гадны шалтгааны улмаас нас барж байна. 2016 оны байдлаар жилдээ 5900 гаруй хүн хорт хавдраар өвчилсний 78 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон бөгөөд урьдчилан тооцоолсноор 2025 он гэхэд хавдрын шинэ тохиолдол 7500 болж нэмэгдэх хандлагатай байна.
Монгол улсын хэмжээнд хортой ба хоргүй хавдар өвчин давхардсан тоогоор 2019 онд 67.7 мянга бүртгэгдэж, нийт өвчлөлийн 1.9 хувийг, хортой хавдар 42.7 мянга бүртгэгдэж нийт хавдрын 63.0 хувийг эзэлж байна. Өвчний олон улсын 10 дугаар ангиллын дагуу 21 өвчний бүлгээр эрэмбэлэхэд хавдар өвчин 2019 оны байдлаар 14 дүгээрт, харин нийт нас баралтын шалтгааны 2 дугаарт орж байна. Хавдрын тохиолдлын түвшинг (10 000 хүнд ногдох) сүүлийн 10 жилийн байдлаар, байршлаар харвал 2019 онд улсын хэмжээнд 212 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 34-өөр, өмнөх оноос 11-ээр тус тус нэмэгджээ.
Монгол Улсын хэмжээнд 2019 онд хорт хавдрын шинэ тохиолдол 6045 бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн дунджаас 734-өөр, өмнөх оноос 232-оор тус тус нэмэгдсэн байна.
Иймээс иргэд хорт хавдраас сэргийлэх энгийн аргуудыг амьдралдаа хэвшүүлэх нь зүйтэй. Тухайлбал:
Тамхи: Тамхи татахгүй байж эргэн тойрны хүмүүсийг тамхиар хордуулахгүй байснаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хорт хавдраар өвдөхөөс урьдчилан сэргийлж чадна. Уушигны хорт хавдрын 90% тамхинаас үүдэлтэй байдаг. Тамхины хуулийн хэрэгжилтэд иргэн бүр хяналт тавьж, өөрийгөө болон бусдыг дам тамхидалтад өртөхөөс хамгаалах шаардлагатай.
Архи: Архи байнга хэрэглэдэг хүнд ам, залгиур, улаан хоолой, бөөр, элэг болон хөхний хорт хавдарт өртөх эрсдэл их байдаг.
Эрүүл хоол хүнс: Хоол хүнсэндээ хүнсний ногоо, жимсийг зонхилуулж, аль болохоор бүхэл үрийн үр тарианы зүйлс хэрэглэхийг эрхэмлэх, махны хэрэглээг тохируулж, амьтаны гаралтай өөх тосний хэрэглээг багасгах зэрэг нь хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэхэд тус болно. Мөн чихэрлэг ба хийжүүлсэн ундааг хязгаартай хэрэглэж эрүүл хооллолтын ГЭР зөвлөмжийг хэвшүүлэх хэрэгтэй. Өөх тос ихтэй хоол хүнс нь илчлэг ихтэй бөгөөд илүүдэл жинтэй болох эсвэл таргалахад нөлөөлж хөх, бүдүүн шулуун гэдэс, улаан хоолой, бөөрний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Илүүдэл жин: Шууд хавдарт нөлөөлөхгүй боловч хавдрын эсийн өсөлтийг идэвхжүүлэх нөлөөтэй байдаг. Хөх, түрүү булчирхай, шулуун гэдэс, уушги болон бөөрний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс дасгал хөдөлгөөн хийж хэвийн жингээ хадгалах хорт хавдраас гадна бусад өвчин эмгэгээс сэргийлэх боломжтой. Насанд хүрсэн хүн өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, хүүхэд өсвөр насныхан өдөрт 60 минутаас багагүй хугацаагаар идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг хичээх хэрэгтэй.
Нарны хурц тусгал: Нарны хортой туяа нь түгээмэл тохиолддог арьсны хорт хавдрыг үүсгэдэг. Үүнээс сэргийлэхийн тулд өглөөний 10-аас оройн 4 цагийн хооронд аль болох нарны хурц цацрагаас хол байж, гадаа гарахгүй байх хэрэгтэй. Зуны цагт наранд гарахдаа нарнаас хамгаалах тос, түрхлэг түрхэж, малгай, нүдний шил хэрэглэж хэвших, аль болох даавуун цайвар өнгийн хувцас өмсөх нь зүйтэй. Мөн эмэгтэйчүүд арьсаа борлуулах зорилгоор салонд шарлага хийлгэх нь нарнаас ч илүү аюултай гэж үздэг.
Дархлаажуулалт: Хепатит В вирус нь элэгний хорт хавдар үүсэх эрсдийг бий болгодог. Нярай хүүхэд бүрийг амаржих газарт байхад нь элэгний В вирусын халдварын эсрэг вазцинжуулалтанд хамруулах хэрэгтэй. Мөн хүний папиллома вирус /HPV/ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг бэлгийн халдварладаг вирус юм. HPV вирусээс болж үүсдэг хорт хавдраас сэргийлэх вакцин байдаг. үүнд 10-14 насны охидыг хамруулснаар ирээдүйд умайн хүзүүний хорт хавдраас тэднийг хамгаална.
Эрт илрүүлэг: Монгол улсын хувьд халдварт бус өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаанын нэг болж буй хорт хавдрын асуудалд онцгой анхаарч, хүн амын дунд зонхилон тохиолдож буй хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай тус тус хуулинд өөрчлөлт оруулан, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Уг хуулиар:
- 40-өөс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1-2 удаа,
- 40-өөс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа,
- 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа,
- 50-аас дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа,
- 50-аас дээш насны иргэнийг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болсон.