Өнөөдөр дэлхийн нойрны өдөр тохиож байна
Жил бүрийн 3 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гарагт Дэлхийн нойрны өдөр тохиодог байна. Дэлхийн нойрны өдөр энэ удаад 3 дугаар сарын 13-ны өдөр таарч байна.
Энэ өдрийг анх “Бөх унтаж, цовоо амьдар” уриатайгаар 2008 оны 3 дугаар сарын 14-нөөс эхлүүлжээ. Дэлхийн нойрны өдрийг тохиолдуулан нойрны эмгэгтэй холбоотой асуудалд нийгмийн анхаарлыг хандуулахыг зорьжээ. Түүнчлэн энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх замаар тус эмгэгийн нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулахыг зорьжээ.
Жил бүр энэ өдөр нэг сэдвийг онцолдог байна. Тодруулбал, энэ жилийн Дэлхийн нойрны өдөр “Илүү сайн нойр, илүү сайхан амьдрал, илүү сайхан ертөнц” гэсэн сэдвийн хүрээнд тохиож байгаа аж.
Энэ өдөр эрүүл бүтэн нойр авахыг уриалсан нийгмийн зар сурталчилгаануудыг идэвхтэй явуулж, нойр нь хувь хүн, нийгмийн амьдралд ямар нөлөө үзүүлдэг талаар бага хурлууд зохион байгуулагддаг байна.
Хүн амьдралынхаа гуравны нэг орчмыг унтаж өнгөрүүлдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, насанд хүрсэн хүн өдөрт 6-8 цаг унтах ёстой байдаг аж. Нойр дутмаг байх нь хүний бие дэх хөгшрөлтийн механизмыг хурдасгадаг аж. Архаг нойрны дутагдалтай байх нь хүний тархины үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлдэг. Нэг л өдөр нойргүй явснаар тархинд сэтгэцийн өөрчлөлтөд хүргэх химийн процесс явагдаж эхэлдэг байна. Хоёр өдөр нойргүй явснаар дааварт өөрчлөлт орж, хүний тархин дахь мэдрэлийн холбоосууд гэмтдэг бол гурав болон түүнээс дээш өдөр нойргүй явснаар тархины эсүүд гэмтэж, дотор эрхтнүүд тэр дундаа зүрхэнд өгөх ачаалал нэмэгддэг байна.
Montsame.mn