С.Эрдэнэ: АН-ын даргын сунгааны товыг цагаан сарын дараа зарлана
Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ өнөөдөр (2021.02.04) мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэрээ: " 2021 он бол их хариуцлагатай жил. Тухайлбал, АН-ын шинэ даргыг сонгох сунгааг зарлах ёстой. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. 1р сарын 31-нд АН-ын үндэсний бодлогын хороо хуралдан, АН-ын 10-р их хурлыг товлосон. Тухайлбал, Улстөрийн намын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоол, Улсын дээд шүүхийн тогтоол зэргийг үндэслэн АН-ын аравдугаар их хурлыг 5 сарын 2-ны өдөр товлон зарласан. АН-ын 10-р их хурлаар
АН-ын шинээр сонгосон намын даргыг батламжлах,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчийг батламжлах,
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх болон АН-ын даргын дотоод сонгуулийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.АН-ын даргын сунгаа цагаан сарын дараа зарлагдана.Улсын дээд шүүхээс 2017 онд АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн бүртгэл хэвээрээ байгаа. Тиймээс АН хоёр удирдлагатай болсон мэтээр ярьж болохгүй. " гэв.