Б.Тулга: Тэтгэврийн зээлийг цагаан сарын өмнө тэглэх ёстой
МАХН-аас иргэдийн өрийг тэглэх асуудлаар судалгаа хийж үр дүнг нь Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хүргүүлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэх тухай шинэ жилийн мэндчилгээндээ дурдсан. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.
-МАХН-аас иргэдийн зээлийн хүүг бууруулах болон өрнөөс гаргах судалгаа хийж асуудал дэвшүүлж, Төрийн гурван өндөрлөгт хандаж ирсэн. Тэгвэл тэтгэврийн зээлийг тэглэхээр болж байх шиг байна?
-МАХН иргэдтэйгээ уулзаад явж байхад тэтгэврийн зээлтэй иргэдийн амьдрал хүнд байгааг тэд хэлж байсан. Тэгвэл Ерөнхийлөгч нэг удаа тэтгэврийн зээлийг тэглэнэ гэлээ. Энэ асуудлыг бид талархан хүлээж авч байна.
МАХН иргэдээ өрнөөс чөлөөлөх хувьсгалыг эхлүүлсэн. Түүнийхээ хүрээнд иргэдийн зээлийн асуудал дээр судалгаа хийж, бодлого гаргаж, үр дүнг нь Ерөнхийлөгчид өргөн барьсан. Түүнд ганцхан тэтгэврийн зээл биш малчны зээл, хэрэглээний зээл, орон сууцны зээл гэх мэт зээлийн олон асуудал багтсан.
Зээлийн тогтолцоог зөв систем рүү оруулахгүй бол арилжааны банк болон түүгээр дамжуулан иргэд төрд хүүлүүлдэг гажиг систем бий болоод удаж байна. Тиймээс түүнийг засах эхний алхам болох Ерөнхийлөгчийн гаргасан тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг УИХ яаралтай авч хэлэлцэн төсвийн тодотгол хийх хэрэгтэй.
-Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж ашгаар нь тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Аль нэг ордоос олсон ашгаар өрийн асуудлыг шийднэ гэдэг нь маш буруу асуудал юм. Төсвөөс гадуур Монголын баялаг хуваарилагдаж, зарцуулагддаг асуудал байж болохгүй. Тиймээс Цагаан сараас өмнө УИХ Аюулгүй байдлын зөвлөлийн гаргаж байгаа тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг ажил болгож хуульд нийцүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Цагаан сараар асуудал хурцдаж ард иргэдийн зүгээс томоохон жагсаал цуглаан хийж ч магадгүй юм. Иймд иргэдээ амгалан тайван байж үндэсний баяраа өргөн дэлгэр тэмдэглэхэд анхаарах хэрэгтэй.
-Тэтгэврийн зээлийн тогтолцоог яаж өөрчлөх нь зүйтэй вэ?
–Тэтгэвэр бол даатгал биш. Бид ажил хийж байх үедээ төрд хадгалуулсан мөнгөө эргүүлэн авч байгаа хэрэг юм. Ингэхдээ бид хадгаламжид хийсэн мөнгөө хадгаламжийн хүүтэй нь авах ёстой байтал тэтгэврийн зээл гэдэг механизмаар дамжуулан төр болон банкинд хүүлүүлж, нэг ёсондоо шулуулж байна. Тэтгэврийн зээл жилийн 15 хувийн хүүтэй. Хоёр жилээр бодоод үзвэл 40 хувиар хүүлэгдэж байгаа юм. Тиймээс тэтгэврийн энэ тогтолцоог засах хэрэгтэй. Бүр хуульд өөрчлөлт оруулж хуульчлан батлах хэрэгтэй. Ингэснээр иргэд тэтгэврийн зээлийнхээ хүүгээр амьдрах боломж бүрдэж тэтгэврийн зээл гэдэг зүйл байхаа болих боломжтой. УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө ЖДҮДС-гийн зээлийг хуваарилах болохоороо хуулиа өдөрт нь баталж болдог юм чинь иргэддээ зориулсан энэ асуудалд яагаад хууль баталж болохгүй гэж.
МАХН иргэдтэйгээ хамгийн ойр байгаа тэдний үгийг сонсч, судалж, асуудал болгон дэвшүүлж, хэрэгжүүлэхийг шаардаж буй сөрөг хүчний хувьд энэ хуулиудыг яаралтай баталж гаргахыг эрх баригчдаас хүсч байна. Ингэснээр мөлжигдөж байгаа иргэдийн болоод баялгийн тэгш бус хуваарилалтын асуудал шийдэгдэнэ.
-Уг нь эдгээр асуудлыг УИХ ярьж шийдэх ёстой. Гэтэл парламентын гаднах намууд шаардаж, Ерөнхийлөгч бас шийдвэрлүүлэх талаас ҮАБЗ-ийг хуралдуулдаг болжээ?
-УИХ энэ асуудлуудад анхаарахгүй болохоор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга буюу Үндэсний аюулгүйн зөвлөл хуулиас гадуур сууж байгаад асуудал шийддэг боллоо шүү дээ. Өнөөдөр иргэдэд зориулсан асуудлуудыг шийдэж байгаа юм шиг хэрнээ дараа шал өөр асуудлуудыг шийдээд эхэлбэл яах вэ. Тиймээс цалин, тэтгэвэр болон орон сууцны зээлийн асуудлуудыг хуульчилж шийдэх хэрэгтэй байна. Ирэх зургаан сараас өмнө УИХ чуулган завсарлуулахгүйгээр дээрх асуудлыг шийдэх хэрэгтэй юм.
Б.БаяржавхланЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин