"Болор цом-37" наадмын эзнээр залуу яруу найрагч Б.Жамбалдорж тодров
"Эгшиглэнт эх Янжинлхам" бурхны хишигт яруу найрагчийг тодруулах “Болор цом- 37” яруу найргийн наадам энэ сарын 4-ний өдөр Багануур дүүрэгт боллоо.
Багануур дүүргийг үүсгэн байгуулсны 40 жилийн ойгоор, шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн Гүн Галуутайн нутагт болсон тус наадамд шилдэг шүлгээрээ шалгарсан 30 яруу найрагч шүлгэн хүлгээ уралдуулсан юм. Наадмыг өмнөх жилийн тэргүүн найрагч нээдэг уламжлалаар Б.Баттулга найрагч шүлгээ дуудав. Наадмын ерөнхий шүүгчээр "Болор цомын эзэн" Ж.Баяржаргал, Нацагдоржийн шагналт зохиолч Б.Баярсайхан, доктор Д.Ганболд, "Болор цомын эзэн" Н.Гантулга, утга зохиол судлаач, доктор П.Батхуяг нар ажиллажээ.
Нэг, хоёрын даваанаас шигшигдэж үлдсэн 10 найрагчаас яруу найрагч Б.Энхжаргал, Т.Баянсан, О.Цэнд-Аюуш, Э.Гантулга, Б.Жамбалдорж нар эцсийн даваанд тунаж үлдсэн байна. Ингээд тэргүүн байрт Б.Жамбалдорж, дэд байрт Б.Энхжаргал, тусгай байрт О.Цэнд-Аюуш, Э.Гантулга, Т.Баянсан нар шалгарлаа. Ийнхүү "Эгшиглэнт эх Янжинлхам"-ын хөрөг дүр, "Болор цом"-ын эзнээр Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Жамбалдорж тодров.
Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир Гүн галуутайн нэрэмжит цом буюу Их зохиолч Д.Нацагдоржийн үүлэн дээр заларч буй эрхэмсэг төрхтэй хөрөг баримлыг Б.Жамбалдоржид хүндэтгэлтэй гардуулжээ.
75 жилийн түүхтэй “Цог” сэтгүүлийн нэрэмжит шагналыг залуу яруу найрагч Т.Бямбасүрэнд, "Эх оронч яруу найрагчийн шагнал"-ыг "Болор цом- 35" наадмын эзэн М.Отгонбаярт, "Шилдэг эмэгтэй яруу найрагч" шагналыг Завхан аймгаас зорин ирсэн Б.Баяржавхланд, Багануур дүүргийн нэрэмжит шагналыг М.Амархүү, Б.Чулуунцэцэг, Ю.Баян-Очир нарт олгов. Шагналыг тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга С.Даваасүрэн, Засаг дарга Ц.Сандаг-Очир нар гардуулсан байна.