Түлэнхийн төвийн барилгын ажил 10 дахь жилтэйгээ золголоо

 “ТВ-9” телевизийн эрхлэн гаргадаг “Монгол коммент” нэвтрүүлгээр Түлэнхийн төвийн барилгыг эрүүл мэндийн үйлчилгээ явуулах шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй хэмээн мэргэжлийнхэн дүгнэлт гарган нурааснаас хойш арав дахь жилийнхээ нүүрийг үзэж, шинэ эмнэлгийн барилгын ажлыг 8.1 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр баталж, барилгын ажил 2013 онд эхлэх ёстой байсан ч өнөөг хүртэл царцсан байдалтай байгааг хөндсөн билээ.
Энэ асуудлын мөрөөр Монголдоо ганц гэгдэж байсан Түлэнхийн төвийн барилга яг юунаас болж ашиглалтад орохгүй байгааг сурвалжиллаа. Түлэнхийн төвийн хуучин барилга 1957 онд ашиглалтад орсон. Олон жилийн эдэлгээнд хуучирч муудсан энэ байшинд хүн эмчлэх нь битгий хэл, хөл тавихад  хэцүү болсон учраас мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлт гартал  буулгаж, шинэчлэх тухай хэдэн жил ярьсаар актлуулсан юм. Гэтэл иргэдийн хүсэн хүлээж байсан шинэ эмнэлэг товлосон хугацаандаа үйлчлүүлэгчдээ хү­лээж авах нь бүү хэл, холбогдох мэргэжилтнүүд ашиглалтад орох хугацааг нэг, нэг жилээр сунгасаар өдийг хүрээд байна.  Уг нь төлөвлөгөө ёсоор явсан бол жилийн өмнө тус эмнэлгийн суурин дээр 200 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчилдэг, олон улсын стандартад нийцсэн эмнэлэг сүндэрлэх байлаа. Гэмтэж бэртсэн хүмүүсээ багтааж шингээхэд хэцүү байгаа гэмтлийн эмнэлгийнхэн түлэнхийн төвийн ачааллыг олон жил давхар үүрч ирлээ.
ГССҮТ-ийн Түлэгдэлт, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрах “Түлэгдэлт нэмэгдсээр байгаа. Ачаалал ихтэй хоёр эмнэлэг нэг дор байна гэдэг хүнд. Өвчтөнүүдээ коридортоо авч байна. Ерөнхийдөө тасгийнхаа хэмжээнд бүрэн чадлаараа ажиллаж байна. Гэвч ирэх хүмүүсийн тоо их учраас ор хүрэлцэхгүй асуудалтай байнга тулгардаг. Манай тасаг жилдээ 4000-4500 орчим хүнд яаралтай тусламж үзүүлдгээс 2500-3500 нь 0-5 насныхан байдаг бөгөөд сард 70-80 мэс засал хийдэг. Нийслэл, 21 аймаг, 360 сумаас ирсэн бүх өвчтөнийг хүлээн авдаг” гэсэн юм. 1.2 сая ам.долларын тоног төхөөрөмж барилгаа хүлээж байна Уг нь Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар 12 сая ам.доллараар Түлэнхийн төвийг барихаар болсон. Түүнээс өмнө Засгийн газраас уг барилгад 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байсан юм. Гэвч түүнээс хойш түгээмэл бэрхшээл болох санхүүжилт нь шийдэгдэхгүй явсаар 2017 онтой золгосон байна. Хуучин барилгыг нь нураах төсвийг батлах гэж хоёр жил, нураах тендерт ялагч компанийг тодруулах гэж төсвөөс удаа дараа сугарч үлдэж, төдий хэмжээний хугацааг өнгөрүүлсэн бөгөөд одоо тус төвийн барилга яг хэзээ ашиглалтад орох нь мөн л тодорхойгүй хэвээр байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос яригдаж эхэлсэн гэх уг барилга нь үндсэн гурван блоктой бөгөөд А, С блокийн гүйцэтгэгчээр “Цаст констракшн”, В блокийн гүйцэтгэгчээр “Нутгийн зам”компани ажиллажээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Бат-Эрдэнээс тодруулахад “Барилгын ажил албан ёсоор 2017 онд эхэлсэн. Төвийн В блокийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа “Нутгийн зам” компанийн гэрээний хугацаа өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний өдөр дууссан байсан. Гэтэл гэрээний хугацаа дууссаны дараа буюу арваннэгдүгээр сард гүйцэтгэл дүгнэх хүсэлтээ нэг л удаа ирүүлсэн байдаг. Гэрээний хугацаа дууссан учир хугацааг нь сунгаж, гүйцэтгэлийг Сангийн яамнаас батлах ёстой. Хугацаа сунгах явцад “Нутгийн зам” компани гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх санал тавьсан. Харин бидний зүгээс анх хийгдсэн гэрээний үнийн дүнгийн дагуу барилга угсралтын ажлыг хүлээж авах ёстой учир өөрчлөлт оруулах боломжгүй гэдгийг удаа дараа албан бичгээр, уулзалтаар ч сануулсан. Ингээд гүйцэтгэгч тал арванхоёрдугаар сарын 25-нд гарын үсэг зурснаар гэрээ сунгагдаж, нэхэмжилсэн санхүүжилтийг олгоход бэлэн болсон. Энэ компани санхүүжилтээ аваагүй байгаа нь өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас болсон гэсэн үг. ЭМЯ болон Сангийн яамны зүгээс тус төвийн барилгын санхүүжилтийг гацаасан, санхүүжилт олгохгүй ашиг сонирхлын зөрчил гаргасан асуудал байхгүй. 1.2 сая ам.долларын бүх тоног төхөөрөмжүүд бэлэн, барилгаа л хүлээж байна” гэсэн юм. 95 хувийн гүйцэтгэлтэй барилга “Нутгийн зам” компанийг хүлээж байна Барилга ашиглалтад ороход бараг бэлэн болсон бөгөөд дээр хэлсэнчлэн бичиг цаасны асуудлаас болж ашиглалтад орох хугацаа нь хойшилсоор байгаа юм байна.  Тус барилгын А,С блокийг хариуцан, гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Цаст констракшн”-ийн төслийн менежер А.Болдбаатар “2014 оноос барилгын үйл ажиллагаа эхэлсэн. 2017 он хүртэл хөрөнгө мөнгө, санхүү, газрын маргаан, дулааны шугам сүлжээ, хөрсний ус, мөн морг хэсэг буюу С хэсэг өөр хүний нэр дээр байдаг гээд газрын маргаан зэргээс шалтгаалан барилгын ажил удааширсан. 2018 он хүртэл захиалагч талаас гүйцэтгэлийн мөнгөө авч чадахгүй байсан учраас ажлаа хийж чадаагүй. 2018 оны сүүлээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн, одоогийн байдлаар манай талын хариуцаж буй барилга 95 хувьтай явж байна. Анх 2013 онд 7.9 тэрбум төгрөг төсөвлөсөн ч 2017 онд 6.3 тэрбум төгрөг болж багассан байсан. Ирэх хавар буюу гуравдугаар сараас барилгын ажлыг үргэлжлүүлнэ. Ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Одоо бол хөрөнгө, санхүүжилтийн асуудлууд шийдвэрлэгдсэн байгаа. А блокийг барьж гүйцэтгэхэд хөрсний ус гарч, зураг төсөлд өөрчлөлт орж тодорхой хугацаагаар хойшилсон. Харин нөгөө гүйцэтгэгч компани захиалагч талтай үл ойлголцлын улмаас барилгыг хойш татаад байсан.
Харин одоо яг юу хойш нь татаад байна вэ гэхээр түлэнхийн төвийн дулааны шугам нь “Нутгийн зам” компанийн хариуцаж байгаа В блокийн зоорин давхарт байрлаж байгаа. Үүнийг “Нутгийн зам” компанийнхан захиалагч талтай маргаантай байгаа гэх шалтгаанаар хийгээгүй байснаас үүдэн өнгөрсөн жил ашиглалтад орох ёстой байсан А, С блокийг төдийгүй, төвийг бүхэлд нь хойш татаж байгаа юм. Одоо дулаанаа авчихвал дотор засал, гадна зам талбайн барилга угсралтын ажлыг гүйцэтгээд барилгыг хүлээлгэж өгөхөд бэлэн болно” гэж тайлбарлалаа. Харин энэ асуудлаар “Нутгийн зам” компаниас тодруулга авах гэсэн ч холбогдох боломж байсангүй.
 
 
Б.НамуунтамирЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Холбоотой мэдээ