Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндсэн хуулийг, маргааш Монголын ардчиллыг няц гишгэх юм байна
Манай Ерөнхийлөгч олон маапаантай. Өмч хувьчлалын үед дотор нь байсан сэйфтэй мөнгөөр нь авсан “Баянгол” зочид буудал, зооринд нь байсан махыг нь гаргаж зараад үнийг нь төлсөн хэмээх “Мах импекс”-ээс эхлээд “Талх чихэр” хүртэл социалист нийгмийн үлдэгдлээс хамгийн их хожиж явлаа. Нийгмийн шилжилтийн үед түрүүлж хөдөлсөн хүн гэхээр бас биш. Тухайн цагтаа бол Төрийн өмчийн хороотойгоо хамтраад бантан зуурсан гэдгийг нь барин тавин ярьдаг хүн олон. Зарим нэгийг нь бол дээрэмдсэн ч гэх юм билээ. Энэ ч яахав болоод өнгөрсөн явдал. Гэхдээ л манай Ерөнхийлөгчид олон паян бас бий. 17 чингэлэг спиртийг ус болгож хувиргасан, Хятадаас төмөр замаар танк орж ирнэ гэж сайд явахдаа дөвчигнөсөн гэх мэт. Спирт нь яах вэ гэхэд төмөр замаас болоод Монгол Улс экспортын асар их орлогоо олон жил алдаж, үр ашигаар дульхан хүнд даацын машин хөлхсөн шороон тамд олон залуус амьдралаа үрж байна. Энэ хооронд Орос Хятадтай гар барьж бидний алдагдсан боломж дээр тоглох цаг хожсон доо.
Ер нь иймэрхүү замаар явж ирсэн болохоор 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа хуулийн байгууллагын хаалга шагалзуулах болсон. Өөрийг нь баривчлах нь гэж айсандаа “Баянгол” зочид буудлын хаалгыг бөхчүүдээр мануулж байсан ч удаатай. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам сунгаагаар нэр дэвшигчээ шалгаруулах болов оо. Ингээд түүний эвгүй ч гэмээр харсан зураг нь олон нийтэд таалагдсан уу Ерөнхийлөгч болчихлоо. МАН үнэмлэхүй олонхоор эрх барьж, олон нийт АН-ын хэнд ч саналаа өгөхөд бэлэн байсан цаг үеийн нөлөө ч туссан. Өнгөрсөн дөрвөн жилд цаазын ял, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх гэх мэт асуудлаар л жаахан юм боддог хүмүүсийг сандаргалаа. Эв нэгдлийн илэрхийлэгч маань дөрвөн жил хэрүүлийн алим л булав. Тэтгэврийн зээл тэглэсэн нь л ганц нааштай ажил нь байх.
Сингапурт оффшортой, Америкт баахан будлиулсан хөрөнгө гаргасан тухай баримтуудыг нь өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс дэлгэсэн. Дэлгэрүүлж бичих ч аргагүй дотор муухайрам эд л дээ. Ямар хүнийг дээрээ залсан юм дээ. Гэтэл одоо бүрэн эрхийнх нь хугацаа дуусаж байхад албан тушаалаа өгөх хүсэлгүй байгаагаа илэрхийлж, хууль нь ч өөрөө хүрэх эрхгүй Үндсэн хуулийн цэцийг дарамталж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар чуулганы танхимд “Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт хэнд ямар ял өгөхийг төлөвлөдөг. Шүүгчдийн ажилд томилохдоо огноогүй халагдах өргөдлийг нь бичүүлж авч барьцаалдаг” гэж байлаа. Аймар байгаа биз. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ч түүнийг тайван жагсаал цуглааныг эмх замбараагүй байдал болтол хөөрөгдөх вий гэсэндээ л албан тушаалаасаа буусан шүү дээ.
Тэр бүхэн нь яах вэ гэхэд энэ хүн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу дахиж сонгогдох эрхгүй. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлд “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бий. АН, МАН-ын аль л олигтой хуульчид хийгээд МУИС-ийн эрдэмтэн багш нар бүгд л Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүйг хэлж байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ асуудлаар Цэцэд хандаж байв.
Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга саяхнаас Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд өөрчлөн найруулсан хуулиудын асуудлаар санал асуулга явууллаа. Улмаар Үндсэн хуулийн цэцэд хандав. Дээрх хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилох эрхийг Ерөнхийлөгчөөс салгаж УИХ, Засгийн газарт тараасан. Өнөө “шударга бусын хонгил”-ыг задалж төрийн эрх барих институциудад тарааж байгаа хэрэг. Ерөнхийлөгчид одоо ч прокурор, шүүгчийг томилох үнэмлэхүй эрх нь байж байгаа. Хуулийн хувьд зөв замдаа гарч яваагийн илэрхийлэл. Ийм зөв зүйтэй хуулийн төслүүдийг Үндсэн хуулийн цэцэд өгч байгаа нь Цэц дээр ялагдах гэсэн илэрхий хүсэлтэй байгаагийн тэмдэг л дээ. Дараа нь “Цэц өгсөн хуулийг маань унагачихсан. Одоо намайг нэр дэвшүүлэхгүй шийдвэр Цэц гаргах гэж байна. Эрх баригчдын ажил” гэж мэдээлэлгүй олон нийтийг турхирах гэж байж ч мэднэ. Ер нь тийм ажилдаа сурамгай хүн. Төрийн ордноор явж байгаа явган яриагаар бол өнөө алдарт гуравдугаар давхарт Цэцийн гишүүдийг дуудаж уулзаад байгаа сурагтай. Уучлаарай, Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх эрх хэнд ч байдаггүй юм аа. Монголын ард түмэн, Монголын төр энэ хүнд байгаа бүхнээ өглөө. Одоо Үндсэн хуулийг уландаа гишгэсэн дарангуйлагч болохыг хүсэж байгаа бололтой. Ингэж болох уу, ингүүлж болох уу!!! Өнөөдөр Үндсэн хуулийг гишгэж байгаа хүн маргааш Монголын ардчиллыг арчиж хаях биш үү.