2021 оны Орон нутгийн хөгжлийн сангийн Цахим санал асуулгын бэлтгэлийг хангаж байна
Нийслэлийн болон дүүргийн Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөр 2022 онд хийгдэх төсөл хөтөлбөрт иргэдээс санал авах зорилгоор цахим санал асуулгыг зохион байгуулна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар есөн дүүргийн 171 хороонд 2021 оны 03.01-04.01-н хүртэл энэ ажлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна.
Азийн сан, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 171 хорооны 1600 хэсгийн ахлагч, хорооныхонд цахим санал асуулгын системийн хэрэглээ, аппликейшн ашиглалт, зохион байгуулалт болон өмнөх онуудыг санал асуулгын үр дүнгийн талаар танилцуулга сургалтыг амжилттай зохион байгууллаа.
ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг жил бүр нэгээс тавдугаар сард багтаан цаасан хэлбэрээр авдаг байсан. Тэгвэл 2017 оноос Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сангийн хамтарсан “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлийн иргэд ухаалаг гар утасны “SmartUB” аппликэйшныг ашиглан саналаа өгч байна.
Монгол Улсад Төсвийн тухай хуулийн дагуу анх 2013 онд ОНХС-г бий болгож, тус сангаас улсын төсвийн зарим орлогын эх үүсвэрээс хуульд заасан дөрвөн итгэлцүүрт үндэслэн аймаг, нийслэлд орлого шилжүүлж харин аймаг, нийслэл нь мөн аргачлалын дагуу дээрх шилжиж ирсэн орлогоос харьяалагдах сум, дүүргийн ОНХС-д хөрөнгө хуваарилдаг хөрөнгө хуваарилалтын тогтолцоо бий болсон юм. Улсын төсвөөс буюу ОНХС-гаас аймаг нийслэлийн ОНХС-д 2013-2021 онуудад нийт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгийг хуваарилсан. Харин 2021 онд улсын хэмжээнд 220.7 тэрбум төгрөг хуваарилсан байна.
Хавсралтаас 2020 оны ОНХС-ийн цахим санал асуулгын үр дүнгийн тайланг татаж авч, танилцана уу.
АЗИЙН САН, НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗAР