Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг иргэд татан авах зэрэг цар тахлын үеийн хамтын ажиллагааны талаар БНСУ-ын элчин сайд Ли ё Хун-тай санал солилцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр цар тахлын хүнд цаг үед БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлж, нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэхэд харилцан дэмжлэг үзүүлж ирснийг талууд тэмдэглэж, энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов. Мөн Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэх талаар ярилцав.
Түүнчлэн олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэн ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.