Утасгүй интернэтийн сүлжээ үүсгэх хиймэл дагуулын холболтын төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас RFQ-2.6.3 утасгүй интернэт сүлжээ үүсгэх хиймэл дагуулын холболтын төхөөрөмжийг, жил үнэ төлбөргүй ашиглах интернэтийн үйлчилгээний хамт Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Энэхүү төхөөрөмж нь хиймэл дагуулын холбооны KU давтамжийн зурваст ажилладаг. Алслагдсан, сүлжээгүй газарт үүссэн томоохон хэмжээний гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтоос нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг өндөр хурдны интернэт хандалтаар дуу, дүрс бичлэг, файл хэлбэрээр шуурхай, найдвартай дамжуулах, солилцоход зөөврийн байдлаар ашиглаж болно. Цаашлаад нэмэлт төхөөрөмжүүдийн тусламжтай 3G/4G сүлжээ үүсгэх боломжтой юм.
Эдгээр багц тоног төхөөрөмжийн сансрын холбооны антен нь бүрэн автомат буюу хүний оролцоогүйгээр хиймэл дагуулын сүлжээнд холбогдох боломжтойгоос гадна овор хэмжээ бага, угсарч суурилуулахад ямар нэгэн багаж, хэрэгсэл шаардлагагүй гэдгээрээ онцлог.
Тус төхөөрөмжийг Дэлхийн банкны “Ухаалаг Засаг” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй RFQ-2.6.3 утасгүй интернэт сүлжээ үүсгэх хиймэл дагуулын холболтын төхөөрөмж нийлүүлэх төслийн хүрээнд санхүүжүүлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.