Соёлын сайд Ч.Номин чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөлтэй уулзлаа

Соёлын сайд Ч.Номин чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх “Монгол соёл, монгол баялаг” төслийн талаар танилцууллаа.
Энэхүү төслийн стратеги төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болсон юм.
Соёлын яамнаас төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол хүн, монгол бүтээлийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор уг төслийг боловсруулаад байна.
Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ “Бидний баялаг өв, соёл, түүх нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах чухал үүрэгтэй, шавхагдашгүй нөхөн сэргээгдэх нөөц. Энэхүү нөөцийг бид бусад баялгийн адилаар түүхийгээр нь буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон ашиглаж байгаа. Иймд бид хувь хүний авьяас билэг, ур чадвар дээр тулгуурласан бүтээл туурвилыг оюуны өмчөөр хамгаалж, орчин үеийн дэвшилтэт техник технологи ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр соёлын салбарын эдийн засгийн үр өгөөж , нийгэмд эерэг үр нөлөө нэмэгдэж, үндэстний үнэ цэнэ, өрсөлдөх чадвар өснө.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд соёлын баялаг, соёлын биет болон биет бус өв, урлаг, уран бүтээл, түүх, хүн, байгалийг хүндэтгэх ухамсар, байгаль орчны өвөрмөц тогтоц зэрэг давуу талууд байгаа боловч нөгөө талаас, мэргэжлийн менежмент, жижиг зах зээл, оюуны өмчийн хамгаалал, дэд бүтэц хөгжөөгүй зэрэг сорилтууд тулгамдаж байна.
Тиймээс бид давуу тал, онцлог, тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, монгол эрдэмтэн, судлаач, түүхчид болон олон улсын экспертүүдтэй хамтран тандалт судалгааг хийхээр төлөвлөж байна. Тандалт судалгаандаа тулгуурлан соёлын салбарынхаа хүрээллийг тодорхойлж, салбарынхантайгаа нэг ойлголцолд хүрснээр монголынхоо өвөрмөц давуу байдалд тулгуурласан тэргүүлэх чиглэлээ тодорхойлно” гэлээ.
Энэ удаагийн уулзалтаар уран бүтээлчдийн ѳрсѳлдѳх чадварыг нэмэгдүүлэх, олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээний нэр хүндтэй уралдаан, наадмыг бий болгох, хѳгжмийн үйлдвэрлэл, хөгжмийн бичлэгийн студи, продакшн, CD, DVD, дижитал худалдаа, караокены үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдийг бүртгэлжүүлэх, зохиогчийн эрхийг хамгаалах, эрх зүйн орчны зохицуулалт хийх  зэрэг асуудлаар санал солилцов.
Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, УГЗ, Харанга хамтлагийн гитарчин, ая зохиогч Ц.Чулуунбат, УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, MMCG судалгааны компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ нар оролцлоо.
Соёлын сайд дараагийн уулзалтаараа кино, дүрслэх урлагийн салбарынхантай уулзахаар төлөвлөж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ