Даатгуулагч жилд 2 сая төгрөг хүртэлх зардлыг ЭМД-ын сангаас гаргуулах эрхтэй
Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн ЭМД-ын шимтгэлийн 2 хувийг ажил олгогч төлнө
Засгийн газраас жил бүр Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тогтоодог. 2020 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлд өөрчлөлт оруулаагүй. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор ЭМД-ын шимтгэл ч тодорхой хэмжээнд өсөх юм.
Шимтгэлээ өөрөө төлж байгаа буюу Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн төлөх шимтгэлийн тухайд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөөс доошгүй хувь байх ба ажил олгогч хоёр хувь даатгуулагч хоёр хувийг тус тус хариуцан төлөх юм. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдын хувьд нэг хувийн шимтгэл төлөхөөр байна.
ЭМДЕГ-ын ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн “Ажил эрхлээгүй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин зэрэг хүмүүс хөдөлмөрийн хөлсний доо хэмжээний нэг хувиар шимтгэлээ төлнө. Энэ нь сардаа 4200 төгрөг буюу жилдээ 50400 төгрөг төлнө. Түүнчлэн оюутнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу сарын 4200 төгрөг, жилийн 50400 төгрөг төлөхөөр байгаа” гэв.
Түүнээс гадна өндөр насны тэтгэвэр авагч, цэргийн алба хаагч, ял эдэлж байгаа иргэн зэрэг хүмүүсийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцдаг. Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хоёр хувь буюу сарын 8400 төгрөг, жилийн 100800 төгрөгийг төлөх юм.
Даатгуулагч эрүүл мэндийн 9 төрлийн тусламж, үйлчилгээнээс жилд хоёр сая төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах эрхтэй байдаг. Харин түүнээс давсан төлбөрийг өөрөө хариуцан төлнө гэсэн хуулийн зохицуулалттай юм.
108Shares