Н.Номтойбаяр УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ өөрөө МАН-ын удирдлагуудад мэдэгджээ
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы 11 сарын 30-ы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах саналыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар УИХ-ын чуулганы танхимд олон нийтийн өмнө муудалцаж эхэлсэн билээ. Үүнээс өмнө буюу Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулах санал анх гарч эхлэх үеэс л Н.Номтойбаяр хэвлэлд ярилцлага өгч, : " Хүрэлсүх өөрөө “Топор” гэх нууц нэртэй, Х.Баттулгын МАН-д шургуулсан гар хөл болсон тагнуулч нь гэдэг нь тодорхой болчихлоо. Иймэрхүү нөхрийг тагнуулынхан “муужгай” гэдэг юм. Баатар, Хүрэлсүх хоёрын бичлэгийг сошиалаас сонсоод ямар хөгийн урвагч новш, муужгай вэ л гэж бодсон...Хүрэлсүх өөрийгөө цэргийн хүн, хурандаа цолтой гэж ярьж, зургаа авахуулах дуртай. Яахав, УИХ-ын гишүүд чинь Таван толгойн цэргийн баазад хоёр өдөр бай буудаж, архи ууж байгаад цол нэмдэг. Тэгэж л хурандаа болсон. Ямартаа ч цэргийнхэн дотор өргөсөн тангараг, үерхсэн нөхдөөсөө урвадаг, шарвадаг хөгийн новш байдаггүй юм. Хүрэлсүх үхсэнийх нь хурандаа байдаг юм. Монгол цэргийн нэр хүндтэй дүрэмт хувцсыг дахин өмсөх эрх энэ хүнд байх ч үгүй. Одоо харин нэг мөр Хүрэлсүх намаас гарах өргөдлөө хамт өгөөд өөрийнх нь тэнэгтэлтэнд бий болсон МАХН-даа орно уу, яана уу бүү мэд. Ямартай ч намаас зайлах хэрэгтэй" хэмээн өгүүлж байв. Үүнээс эхэлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ил болсон тэдний маргаан Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн : "Тэр 30 гэр бүлийн гишүүн нь та өөрөө мөн. Яагаад гэдгийг нь ард түмнээс асуу. “МАК” компани 36 лиценз эзэмшдэг юм байна лээ. Энэ “Цагаан суварга” бол танай гэр бүлийн өмч биш, Монголын ард түмний хөрөнгө. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй ээ. Төрийн эрх ард түмний гарт байгаа. ЖДҮХС-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд битгий манай сайд нараас хууль бус зүйл шаардаарай. Авсан Цагаансуваргын лицензээ ард түмэндээ буцаагаад өгчих. Ард түмний өмч хөрөнгийг буцааж өгөөрэй." гэсэн сануулгаар дууссан юм.
Улмаар энэ нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-ын гишүүнээс хөөхийг завдсан МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны тогтоол, У.Хүрэлсүхийн дүү ЖДҮ-гээс зээл авсан болохыг баталсан Н.Номтойбаярын мэдэгдэл зэргээр үргэлжилж, төрийн мөнгөөр хайгуул хийсэн стратегийн уул уурхайн ордуудыг улс буцааж авах ҮАБЗ-ийн зөвлөмж гарахад оргил үедээ хүрсэн билээ. Үүнээс хойш У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр нар эвлэрч, ойлголцсон гэх боловч Н.Номтойбаярыг тойрсон азгүйтэл нь бүр ч гаарсан гэхэд болно.
Тэрээр Булган аймагт явахдаа мотоциклтэй хүн дайрч хөнөөсөн хэрэгт сэрдэгдэж, тэр бүү хэл УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэгт хүртэл мэдүүлгээ худал өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад байна. Мөн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн 8 иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж, улмаар яллагдагчаар татагдаад байгаа.
Товчхондоо түүнийг улс төрөөс бүрмөсөн гаргах зорилгоор улс төр, хуулийн байгууллага дамнасан бүлэглэл ажиллаж буй нь хэдийн тодорхой болсон юм.
Түүнийг ч уг бүлэглэлд аль хэдийн бууж өгсөн, АНУ руу ирэх зунаас зугтахаар бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн, их хэмжээний мөнгөний шилжүүлэг АНУ-руу хийсэн гэх зэрэг мэдээлэл сошиал орчинд түгэж байна.
Тэгвэл Н.Номтойбаяртай холбоотой нэгэн мэдээлэл Төрийн ордонд яригдаж эхэлжээ.
Тодруулбал Н.Номтойбаяр УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ өөрөө МАН-ын удирдлагуудад албан бусаар мэдэгдсэн байна.
Б.Мягмарsonin.mn