“Цэргийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа

 
Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Ж.Ёндон агсны нэрэмжит Цэргийн гавьяаны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг эцэг, эхчүүдэд нь сурталчлан таниулах үүднээс “Цэргийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгийн зорилго нь Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний зорилго, зорилт, ангийн үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн сургалт, сэтгэл зүйн бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй байдал, тэдний алба хаах орчин нөхцлийг танилцуулахад чиглэгдсэн юм. Өдөрлөгийн эхэнд ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн товч танилцуулгыг хийж, өдөр тутмын цагийн хуваарьт үйл ажиллагааг харуулсан видео бичлэгийг үзүүлэв. Энэ үеэр тэрээр “Бид жил бүр хугацаат цэргийн алба хаагчдаа халагдахаас нь өмнө ар гэрийнхэнд нь хүү нь ямар орчин, нөхцөлд юу сурдаг вэ гэдгийг таниулах үүднээс нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион явуулдаг. Үүгээр ч тогтохгүй ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарыг энэ арга хэмжээнд урьж оролцуулдаг. Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж энэхүү үйл ажиллагаа маань харьцангуй хожуу зохион байгуулагдаж байна. “Цэргийн нэг өдөр” арга хэмжээ нь хүүхэд залуучуудад цэрэг, эх оронч үзлийг таниулах, Зэвсэгт хүчнийхээ анги, байгууллагыг сурталчлах ач холбогдолтой. Өнөөдөр тодорхой тооны алба хаагчдын маань ар гэрийн төлөөлөл, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон хүндэт зочид, төлөөлөгч нар маань хүрэлцэн ирсэн байна. Цэрэг татлагаар олон залуучууд ирдэг. Тэдгээрийг нэгтгэж, нэг зангидсан гар шиг хамт олон болгох нь бидний үүрэг юм” гэсэн бол ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг “Өнгөрсөн оны 5 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр хугацаат цэргийн алба хаагчид татагдан ирсэн. Эдгээр цэргүүд маань нэг жилийн хугацааг ардаа үдэж ирэх сарын нэгэн гэхэд халагдана. Цэрэг халагдах мөчид албаа хэрхэн хааж, юу сурч мэдсэн талаараа ард иргэдэд сурталчлан таниулах үүднээс сурталчилгааны ажлыг тогтмол зохион явуулдаг. Харин өнөөдөр хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөллийг урьж цэргүүдийн алба хаах орчин нөхцөл, өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар болон тус ангиас төрөн гарсан ахмад дайчид, алдартнуудын намтартай танилцуулах зорилго дор энэхүү нээлттэй хаалганы өдөрлөг болж байна” гэж хэлээд Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, хугацаат цэргийн алба хаагчдын онцлог чанар, түүхэн ойгоор төлөвлөсөн ажил, арга хэмжээнүүд болон батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээллийг өгсөн юм. Үүний дараа Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугагацаат цэргийн алба хаагчид урлагийн үзүүлбэр, жагсаалын болон гардан тулааны хэсэгчилсэн тоглолтоос толилууллаа.
Мөн энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүдэд ангийн болон алба, салбаруудын үйл ажиллагааг танилцуулах үүднээс ангийн штаб, цэргийн гал тогоо, ахуйн үйлчилгээний төв, салбаруудын цэргийн байр, төрийн ёслолын хувцас, хэрэглэлийг нэг бүрчлэн танилцуулж Батлан хамгаалах салбарт шинээр хэрэглэгдэх зэвсэглэл, цэргийн техникийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Харин өдөрлөгийн төгсгөлд эцэг, эхчүүдийн сэтгэгдэл, санал хүсэлтийг авч хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд дурсамж хадгалуулах ёллолын үйл ажиллагаа болсон юм. Энэ үеэр эцэг, эхчүүд ч мөн адил “Цэргийн нэг өдөр” өдөрлөгийн талаар сэтгэгдэл өндөр байгаа талаараа уламжилж байлаа.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ