Өрхийн орлого буурч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэв
Цар тахлын улмаас эдийн засаг хямарч өрхийн орлого буурсан ч хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.7 хувиар нэмэгджээ. “MEC” судалгааны байгууллагаас гурван жилийн хугацаанд хүнсний багцын үнийн өөрчлөлтийн талаарх судалгааг гаргасан байна. Судалгааны хүрээнд дөрвөн ам бүлтэй нэг өрхийн хэрэглээнд нийцэх хүнсний багцыг 2018, 2019, 2021 онуудад худалдан авч үнийн өсөлтийг харьцуулан харуулжээ. Төмс, талх, хиам, ургамлын тос, жимсний шүүс, өндөг, цагаан будаа, сонгино, гурил, сүү, хонины мах зэрэг багтсан хүнсний багцыг 2018 оны нэгдүгээр сард 28148 төгрөгөөр худалдан авч байв. Харин яг ижил нэр төрлийн бүтээгдэхүүнтэй хүнсний багцыг 2019 онд худалдан авахад 35313 төгрөг болсон байна. Тэгвэл цар тахлын дэгдэлттэй, эдийн засаг хямарсан энэ үед хүнсний багцын үнэ 46619 төгрөг болсон байна. Хүнсний багцын үнийг 2018 онтой харьцуулахад энэ онд 18471 төгрөгөөр нэмэгджээ.
Үүнээс бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг тусад нь харвал 2018 онд сонгино нэг килограмм нь 1131 төгрөгийн үнэтэй байсан бол энэ онд 2850 төгрөгийн үнэтэй болж 151 хувиар нэмэгдсэн байна. Харин 0.5 литрийн савлагаатай ургамлын тос 2018 онд 1859 төгрөг байсан бол 2440 төгрөгөөр буюу 131 хувиар нэмэгдэж 4299 төгрөг болжээ. Цагаан будаа 4129 төгрөгөөс 4439 төгрөг болж долоон хувиар нэмэгдсэн байна. Мөн төмсний үнэ 79 хувиар өссөн хонины мах 58 хувиар өсчээ. Судалгааны тайлангаас харахад өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ 39 хувиар өссөн байна. Үнийн өсөлтөд импортын бараа бүтээгдэхүүний хомсдол, тээврийн зардлын үнийн өсөлт, үгсэн хуйвалдаж үнийг зохиомлоор өсгөсөн зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буй. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас шалган ажиллаж байгаа ч үнийн өсөлттэй холбоотой иргэдийн бухимдал тасрахгүй байна.
Өрхийн орлого, худалдан авах чадвар буурсаар байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сар тутам өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ энэ оны гуравдугаард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.5 хувь, оны эцсээс 3.1 хувиар өссөн байна. Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 2 хувиар, орон нутагт өмнөх сараас 1-6.4 хувиар өсчээ. Харин цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим салбарын сарын дундаж цалин буурсан байна. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн салбарын ажилчдын сарын дундаж цалин есөн хувиар, зочид буудал, байр орон сууц, нийтийн хоолны үйлчилгээ салбарынх 6.8 хувиар, барилгын салбарын ажилчдын дундаж цалин 5.5 хувиар, бөөний болон жижиглэн худалдаа, машин, авто засвар үйлчилгээний салбар, хувиараа бизнес эрхлэгчдийн дундаж цалин 1.6 хувиар буурчээ. Хөл хорио тогтоож иргэдийн халаас хоосорсон энэ үед бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгаж үнийн өсөлтийг багасгах шаардлагатай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин