742 хүний шинжилгээнд коронавирус илэрч, хоёр хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.15/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 742 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 18 565 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 654 нь Улаанбаатар хотод, 88 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Увс аймагт 1, Завханд 4, Архангайд 6, Хөвсгөлд 1, Сэлэнгэд 6, Хэнтийд 4, Говьсүмбэрт 3, Дундговьд 3, Дорноговьд 1, Төв аймагт 10, Ховд 5, Сүхбаатарт 2, Дархан-Уулд 14, Орхон 28 аймагт тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 385 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 10638 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Тухайлбал, 72 настай эрэгтэй, 69 настай эмэгтэй хүн байна. Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 31 болж байна. Өнөөдрийн байдлаар 2978 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2071 хүн хөнгөн, 689 хүндэвтэр , хүнд 173, маш хүнд 45 хүн байна.