Мэндчилгээ

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь болсон алтан мөрдэст нийт генералууддаа “Генералуудын өдөр”-ийн 77 жилийн ойн баярын цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Эрхэм генералууд маань үеийн үед, цагийн цагт туурга тусгаар Монгол Улсынхаа бүрэн эрхт байдлыг сахин хамгаалж, туг сүлд нь босоо заяат үндэс язгуураа мандуулан бадраах их үйлсийн тэргүүн эгнээнд магнайлан, хүн ардынхаа амар тайван, аюулгүй байдлын төлөө нэгэн насны амьдралыг зориулсан гавьяатнууд билээ.
            1944 оны 4 дүгээр сарын 28 буюу түүхэн энэ өдөр Сайд нарын зөвлөлийн  52 дугаар тогтоолоор эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд тушаалын 11 даргад генерал цол олгосноор Монгол Улсад генерал цолыг анх хэрэглэж эхэлсэн түүхтэй.
            Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, аюулгүй байдлын төлөө бие сэтгэлээ зориулж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж яваа төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий батлан хамгаалах, тагнуул, онцгой байдал, цагдаа, хил хамгаалах, шүүх, хууль сахиулах салбарт алба хааж байгаа болон бэлтгэл, чөлөөнд буй генералууддаа тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь “Монгол генералын өдөр”-ийн мэндийг хүргэж, Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
            Эх орноо зүрхэн тушаа нандигнаж, эр цэргийн ёсоор өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж, илд мэт хатан зориг, илч гэрэлт халуун сэтгэлийн дуудлагаар Монгол Улсынхаа төлөө зүтгэсэн хичээл зүтгэл тань бууршгүй өндөр, буцашгүй дайчин байж, алдар тань үүрд бадрах болтугай.
Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд бадарч байх болтугай!
скачать dle 12.0

Холбоотой мэдээ