Дорнод аймагт 1,800 айлын орон сууц баригдана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт Дорнод аймгийн Чойбалсан хотод өчигдөр ажиллав.
Чойбалсан хот сүүлийн гурван жилд хүн амын тоо тасралтгүй өсөж 2020 оны байдлаар 83,087 буюу өнгөрсөн оноос 1,033 хүн амаар өссөн үзүүлэлттэй байна. Аймгийн төв Чойбалсан хотод нийт хүн амын 55.9 хувь нь оршин суудаг.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1,000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Дорнод аймаг хийжээ. Энэ дагуу иргэдийн амьдарч, ажиллаж, амрахад таатай нөхцөлийг бүрдүүлсэн, хотын хүн амын суурьшлын шинэ төвлөрлийг бий болгосон ухаалаг шийдэлтэй орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн удирдлагууд танилцууллаа.
Чойбалсан хотын баруун хойд хэсэгт хотын төвөөс таван км зайд, Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт “Бумбат” гэдэг газарт 48 га талбайд 1,800 айлын орон сууцны хороолол төлөвлөгдсөн байна. Дэд бүтцэд шаардлагатай 10 тэрбум төгрөгийг Улсын төсвөөр санхүүжүүлж Дорнодын барилга бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ.
Үүний дараагаар Дорнод аймгийн ДЦС-ын 50МВт өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа. Төслийн барилга угсралтын ажил 2020 оны наймдугаар сарын 26-ны өдөр эхэлсэн. Одоогоор барилга угсралтын ажлын гүйцэтгэл 37.5 хувьтай байна. Төслийн нийт үргэлжлэх хугацаанд 500 орчим Монгол ажилчин, 300 орчим БНХАУ-ын ажилчин тус тус ажиллах төлөвлөгөөтэй байна. Төслийн явцад хэд хэдэн асуудал тулгарч байгаа гэлээ. Тухайлбал Монгол талын зарим санхүүжилтээс шалтгаалж барилга угсралтын ажил удааширсан, бараа материалыг хилээр нэвтрүүлэхэд хүндрэл гарч байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төслийн Монгол талын санхүүжилт болох 52 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас дутагдаж буй 40 тэрбум төгрөгийг Улсын төсөвт тусгуулан шийдвэрлэх, мөн 2021 оны барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн тоног төхөөрөмж, бараа материалыг Дорнод аймгийн хилийн боомтоор нэвтрүүлэх асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлэх”-ийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарт үүрэг өглөө. Мөн Чойбалсан олон улсын нисэх буудлыг 4С ангиллын зэрэглэлд шилжүүлэн өргөтгөх ажил зэрэг олон ажилтай танилцаж, асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэснээр энэ удаагийн Зүүн бүсэд хийх томилолт өндөрлөсөн юм.