Шилдэг төрийн байгууллагын сайтаар WWW.ULAANBAATAR.MN шалгарлаа
“Web awards-2021” цахим салбарын наадам болж, оны шилдгүүдийг өнөөдөр шалгаруулав. Энэ жилийн “Web awards-2021” наадам “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулагдаж байгаа. Уг наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй юм. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадамд www.ulaanbaatar.mn сайт Шилдэг төрийн байгууллагын сайтаар шалгарлаа.
Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлог бөгөөд шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг. “Web awards-2021” наадмаар дараах номинациар шилдгүүдийг тодруулав. Үүнд:
Шилдэг төрийн байгууллагын сайт-www.ulaanbaatar.mn
Мэдээллийн шилдэг сайт- www.zindaa.mn
Сайтын шилдэг бүтээл- www.isee.mn
Орон нутгийн шилдэг сайт- www.nutag.mn
Бизнесийн шилдэг сайт- www.ett.mn
Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт- www.peak.mn
Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт- www.tovch.mn
Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт -www.livetv.mn
Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт- www.shilen.mn
Шилдэг вэб сайт хөгжүүлэгч-artplus design agency
НЗДТГ-ын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтад өдөрт дунджаар найм, долоо хоногт 60 гаруй, сард 300 орчим мэдээ, сурвалжилга, ярилцлага ордог бөгөөд 2021 он гарснаас хойших нэг жил орчмын хугацаанд 2000 орчим мэдээлэл нийтэлжээ. Мөн олон нийтэд нээлттэй, ил тод байх үүднээс мэдээллийн бүхий л сувгаар ирж буй иргэдийн санал, шүүмжийг хүлээн авч, холбогдох алба, хэлтэст уламжлан, төр-иргэнийг холбох гүүр болон ажиллаж байна.
Ирэх 2022 онд нийслэл, дүүргээс олгодог 82 төрлийн ажил үйлчилгээний тусгай зөвшөөрлийг цахимжуулан, www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан олгодог болно. Манай сайтад өдөрт дунджаар 3000, долоо хоногт 20.000, сард 80.000 гаруй иргэн хандаж байгаа нь бусад төрийн байгууллагын албан ёсны вэб сайттай харьцуулахад сайтын хандалт, орж буй мэдээ мэдээллийн тоо, чанараар тэргүүлэх үзүүлэлт юм. Бид мөн 2021 оны арваннэгдүгээр сарын 15-наас мэдээллээ англи хэлээр бэлтгэж, МонЦаМэ агентлаг болон “UB post” сонин, www.gogo.mn цахим сайтад түгээж, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээллээ өгөхөөр холбоо тогтоож эхэллээ. Цаашид www.ulaanbaatar.mn сайтыг шинэчлэн, илүү хүртээмжтэй, мэдээлэл авахад амар байдлаар хөгжүүлэхийн зэрэгцээ сайтаа англи хувилбартай болгохоор ажиллаж байна.