"Parasite" 57 кино наадмаас 55 шагнал хүртжээ

Оскарын наадмын “Шилдэг кино” тэргүүтэй 6 шагналд нэр дэвшсэн, БНСУ-ын кино найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл “Шимэгч” эмгэнэлт инээдмийн кино олон улсын 57 кино наадмаас 55 шагнал хүртсэн талаар “CJ” энтертайнмент баасан гарагт мэдээлсэн байна.
Нийгмийн анги давхаргыг хоёр гэр бүлийн эсрэг тэсрэг амьдралаар төлөөлөн харуулсан тус бүтээл 2019 оны тавдугаар сард болсон Каннын кино наадмын дээд шагналыг хүртэж, үүнээс нэг сарын дараа Сиднейн кино наадмаас мөн дээд шагналыг гардан авжээ.
Түүнчлэн гол дүрийн жүжигчин Сун Кан Хо өнгөрсөн наймдугаар сард Швейцарт зохион байгуулсан Локарно олон улсын кино наадмын тусгай шагналын эзэн болсон байна.
Мөн “Шимэгч” Калгари олон улсын кино наадам, Улаанбаатар олон улсын кино наадам, Слемани олон улсын кино наадам зэрэг Хойд Америк, Европ, Ази, Ойрхи Дорнодын кино наадмуудаас тус тус шагнал хүртжээ.
2019 онд нээлтээ хийсэн энэхүү кино АНУ-ын үзэгчид, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авжээ. Үүний зэрэгцээ 2020 оны Алтан бөмбөрцөг кино наадмын “Гадаад хэлээрх шилдэг кино”-гоор шалгарснаар уг шагналыг хүртсэн БНСУ-ын анхны кино болжээ.
“Шимэгч” 92 дахь удаагийн Оскарын наадмын “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг эвлүүлэг”, “Шилдэг зураач”, “Гадаад хэлээрх шилдэг кино” шагналд нэр дэвшжээ. “Шилдэг кино” шагналын төлөөх өрсөлдөөн “Шимэгч” болон Английн найруулагч Сэм Мендесийн уран бүтээл “1917” киноны дунд өрнөнө хэмээн олон нийт таамаглаж байгаа аж.
Энэ удаагийн Оскарын наадам АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт орон нутгийн цагаар энэ долоо хоногийн ням гарагт болно. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ