МАН-ынхан монголчуудыг дахин мангартуулах уу



-Рейтинг тогтоох судалгааны мөнгө үү нэр дэвших эрхийн худалдан авалт уу-
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихийг горилогчид битүүхэндээ өөрийгөө сойж байгаа энэ цаг үед намууд ч элдэв бэлгийн үүцээ задалсаар байгаа. Тэдний нэг нь МАН. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх сонгуульд нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн хандив авахгүй гэдгээ зарласан явдал. Харин намын гишүүдийнхээ ёс зүй болон рейтингийн судалгаан дээр үндэслэн нэр дэвшигчдээ тодруулах тухайгаа хэлсэн. Ингэхдээ хийгдсэн судалгааны үр дүнд суурилан тухайн тойрогт хамгийн өндөр рейтингтэй хүмүүсийг нэр дэвшүүлэх аж.
МАН нэр дэвших батламж гардуулах хуулийн хугацаанаас урьтаж хоёр удаа судалгааны ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ нэг тойргийн зардалд шаардлагатай 55-60 сая төгрөгийг тухайн тойргийн гишүүдээс гаргуулах тухай яригджээ. Энэ нь нэг мандаттай аймгуудад хүнд тусч байгаа бол олон мандаттай тойргуудад гишүүд хамтрах боломжийг олгоно. Тиймээс зарим горилогч нь “гараа үрчин” суугаа аж.
Гэвч улстөрчдийн рейтинг тогтоох судалгаа гэдэг нь хэн их мөнгө төлсөн хүнийг тэргүүн эгнээнд залдаг хийсвэрээр хөрөнгө босгодог арга гэдгийг монголчууд сайн мэддэг болсон нь нууц биш. Тухайлбал, 2011 онд хийгдсэн судалгаагаар шилдэг улстөрчдийг МАН-ынхан тэргүүлж байсан ч 2012 оны сонгуульд АН-ынхан ялалт байгуулж байсан түүх бий. Энэ нь намуудын дэргэдэх судалгааны байгууллагуудын хийгддэг ажил төдийгүй мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдгийн дагуу явагддаг гэдгийн баталгаа. Түүнчлэн монголчууд улстөрчдийн рейтинг тогтоох судалгаа гээчид итгэхээ байсныг ч харуулсан хэрэг. Олон нийт судалгаанд оролцсон ч зохион байгуулагчид нь дүнг нь жинхэнээр нь танилцуулахаас ч ичих үе бишгүй байдаг тухай зарим эх сурвалж хэлдэг. Тийм байтал МАН-ынхан сонгуулийн өмнө булайгаа дэлгэхгүйн тулд энэхүү судалгаа гээчээр халхавч хийн, нэр дэвшигчдээ тойргуудад тулган шахах гэж байгаа нь тодорхой.
Статистикч, математикчдын ярьснаар бол 1000 хүнийг хамруулсан шинжлэх ухаанд суурилсан судалгааны зардал 20-25 мянган доллар зарцуулагддаг. Тиймээс дан, ганц судалгааны байгууллага бие даан судалгаа хийнэ гэдэг чамгүй хөрөнгө шаарддаг гэдэг.
Гэтэл нэг тойрогт 55-60 сая төгрөгөөр рейтинг тогтоох судалгаа хийнэ гэдэг нь санхүүгийн хувьд ч үлгэр болж хувирах нь. Тэгэхээр энэ хэмжээний мөнгө нь рейтинг тогтоох гэхээсээ илүү нэр дэвших хандив болж таарах гээд байгаа юм биш үү. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй биз дээ.
Эх сурвалж:erennews.mnскачать dle 12.0

Холбоотой мэдээ