Эрдэмтэд нарны аймгаас гадна орших хамгийн халуун гараг илрүүлжээ
Нарны аймгаас гадна орших “KELT-9b” гараг нь “халуун бархасбадиуд” гэж нэрлэдэг гарагийн ангилалд хамаардаг бөгөөд улайтал халдаг учраас агаар мандал дахь устөрөгчийн молекулууд нь задардаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Эрдэмтдийн судалгааны дүнг “Astrophysical Journal Letters” сэтгүүлд нийтэлжээ.
Хэт масстай аварга том хийн гарагууд болох "халуун бархасбадиуд” нь өөрсдийн одондоо хэт ойрхон оршдог учраас амьдралын ямар ч хэлбэр оршин байх боломжгүй болгодог ажээ. Тэдгээрийн агаар мандал асар халуун бөгөөд гарагийн гэхээсээ илүүтэй оддын шинжтэй урвал явагддаг болохыг эрдэмтдийн хийсэн шинэ ажиглалт харуулсан байна.
Ийм гарагуудын нэг бол “KELT-9b” гэдэг гараг юм. Энэ гараг нь Бархасбадиас гурав дахин их масстай бөгөөд Нарнаас 620 гэрлийн жилийн зайд оршдог “Хунгийн сүрэг” хэмээх оддын бөөгнөрөл дунд оршдог одыг тойрон эргэлддэг байна. “KELT-9b”-г 2017 онд АНУ-ын Аризона болон Өмнөд Африк дахь огторгуйн хоёр дуран авайг нэгтгэсэн KilodegreeExtremelyLittleTelescope /KELT/ системийн тусламжтайгаар нээжээ.
Уг гараг өөрийн одтой маш ойрхон оршдог учраас одны нэг жил нь дэлхийн 1.48 хоногтой тэнцдэг байна. Түүний гадаргуугийн температур Цельсийн 4300 градуст хүрч халдаг бөгөөд бусад одоосоо илүү халуун ажээ.