Н.Амартүвшин: Сүүлийн жилүүдэд ХАБЭА-н сургалтад ажил олгогч эзэд түлхүү хамрагдаж байна
Монгол Улсын хэмжээнд анх удаагаа Барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ жишиг танхим Барилгын хөгжлийн төвд байгуулагдаад буй. Уг практикт суурилсан жишиг танхимын талаар тус төвийн Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшинтэй ярилцлаа.
-Барилгын салбарын хэмжээнд анх удаагаа практикт суурилсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жишиг танхим танай төв дээр нээгджээ. Уг танхимд ямар дадлага сургуулилт хийж байна вэ?
-Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс ЖАЙКА Олон Улсын байгууллагатай хамтран 2017 оноос хойш таван жилийн хугацаатай “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд ЖАЙКА-гаас бүрэн тоноглол бүхий жишиг танхимыг манай төвд байгууллаа. Энэ бол барилгын салбарын хэмжээнд анх удаагаа практикт суурилсан жишиг танхим гэдгээрээ онцлогтой юм. Энд олон улсад хэрэглэгдэж байгаа орчин үеийн хөдөлмөрийн аюулгүй байдлын тоног төхөөрмжүүдийг суурилуулж өгсөн.
Тухайлбал, VR төхөөрөмжийг ашиглан ослыг бодит мэтээр мэдрэх, өндрийн бүс аюулгүй ажиллагааг ханган ажиллах талаар турших боломжтой. Түүнчлэн анхны тусламж үзүүлэх, ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлэх чадамжид суралцах ур чадварыг жишиг танхимаас суралцах боломжтой.
Нэг ёсондоо Барилгын салбарын жишиг танхимд онол практикийг нэг дороос хослуулан эзэмшиж авах нь цаг хугацаа хэмнэх, илүү мэдлэг хуримтлуулах, дадлага, туршлагаа улам бэхжүүлж, чадавхжуулах боломж бүрдэж байгаа юм.
Сургалт, дадлагыг ямар давтамжтай хийж байна вэ? Зөвхөн барилгын салбараас гадна бусад иргэд, ажилтнууд дадлага хийх боломжтой юу?
-Бид уг танхимд онол болон практик сургалтыг сар бүр тогтмол зохион байгуулдаг. Танхимд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдлэг олгох мэдээллийн самбар байршуулахаас гадна суралцагсдад видео хичээлүүд хүргэгдэж байгаа. Эндээс бүхий л мэдээллийг унших, үзэж судлах боломжтой. Энэ жишиг танхимд барилгын салбарын бүхий л инженер техникийн ажилтнууд болоод ажил олгогчидод сургалт, дадлага хийх боломжтой юм. Манай сургалтад ажил олгогч эзэд сүүлийн жилүүдэд түлхүү хамрагдаж байна. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал ямар чухал болохыг ажил олгогч нар биеэр мэдэрч, ойлгож, барилгын талбай дээр гарч болох эрсдэл,аюулгүй ажиллагааг урьдчилан харж, сэргийлэх, цаашид үйл ажиллагаандаа ХАБЭА-г сайтар мөрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
-ХАБЭА-н сургалтыг ямар багш нар зааж, сургадаг вэ? Боловсон хүчний хувьд хангалттай нөөц бий юу?
-Олон улсын стандарт, шинэ технологийг эзэмшсэн сургагч багш нар сургалт, дадлагыг мэргэжлийн өндөр түвшинд зааж байна. “ЖАЙКА” -тай хамтарсан төслийн хүрээнд ХАБЭА-н сургагч багш бэлтгэх курс сургалтыг 2021 онд нэг жилийн хугацаанд холбогдох төр захиргааны байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Сургалтыг, ХНХ-ийн Сайдын А/370-р тушаалаар батлагдсан журамд нийцүүлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мөчлөг, барилгын талбайн зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа, өндрийн аюулгүй ажиллагаа, насанд хүрэгчдийн сургалтын онцлог, заах арга зүй гэсэн нийт 96 цагийн хичээлийн хөтөлбөртэй хэрэгжүүлэхээс гадна Япон улсын ХАБЭА-н тэргүүн туршлагаас хослуулан боловсруулсан гарын авлагуудыг ашиглан явуулснаараа онцлогтой юм. Эдгээр багш нар маань Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дадлыг бий болгож хэвшүүлэх, барилгын салбарын ажиллагсдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, Япон улсын хөдөлмөр аюулгүй байдлын жишиг стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Нийт ХАБ-ын сургагч 66 багш бэлтгэгдэж байгаагаас одоогоор 22 багш төгсөөд, хичээлээ орж байна. Багш нарын хувьд барилгын салбарт анхдагч үндэсний хэмжээний багш нар болж байгаагаараа онцлогтой.
Хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа мэргэшсэн, нөгөө талдаа сургагч багшаар мэргэшсэн төлөөлөл бэлтгэгдэж байна гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа